Нийслэлийн 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах тогтоолын төслийг баталлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-06-19 09:04:45

Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 19 /МОНЦАМЭ/. НИТХ-ын ээлжит бус XX хуралдааны хоёр дахь хэлэлцүүлэг өчигдөр болж, 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах тогтоолын төслийг батлав.


Тус хэлэлцүүлгээр нийслэлийн 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай, үнэт цаас гаргаж, арилжих тухай, 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах зэрэг асуудлыг хэлэлцжээ. Нийслэл энэ онд багтаан үнэт цаасыг дотоодын зах зээлд арилжаалах болсонтой холбогдуулан 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах шаардлага үүссэн юм. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын тогтоол, НИТХ-ын тэмдэглэлээр “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого” болон нийслэлийн дунд хугацааны хөгжлийн төлөвлөлтийн баримт бичигт нийцүүлэн холбогдох төслийг нийслэлийн үнэт цаасны хөрөнгөөр санхүүжүүлнэ.


Нийслэл үнэт цаас арилжаалснаар эрчим хүч хуримтлуурын станцын ажил, ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган дахин барилгажуулах төслийн инженерийн шугам сүлжээний ажил, гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хэрэгжүүлэхээс гадна инженерийн шугам сүлжээний ажлыг тус тус хийх юм. Мөн авто замын байгууламжийн засвар, шинэчлэлт, зураг төсвийн ажлын санхүүжилтыг нэмэгдүүлэхээс гадна Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хорооллын бүтээн байгуулалтын ажлыг санхжүүлэх ажээ.


Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар, “Энэ жил хот, нийтийн аж ахуйн салбарын зардлыг нэмэгдүүлэх, гадаад, дотоод бондын эх үүсвэрийг төсөвт тодотгон тусгах үүднээс 2024 оны төсөвт өөрчлөлт оруулж байна. Өнгөрсөн нэгдүгээр сард нийтийн тээврийн салбарт богино эргэлтийн шугамыг нэвтрүүлсэн. Тухайн үед маш их эсэргүүцэлтэй тулгарсан ч богино эргэлтийн шугамын 70 гаруй хувийг үргэлжлүүлсэн. Нийтийн тээврийн салбар эхний зургаан сарын байдлаар 25 тэрбум төгрөг хэмнэсэн. Хэмнэсэн 25 тэрбум төгрөгөө хот, нийтийн аж ахуйн салбар руу шилжүүлж байна. Мөн төсвийн хөрөнгө оруулалтын худалдан авах ажиллагаа өнөөдрийн байдлаар 93 хувьтай зарлагадаад явж байгаа. Энэ жил бид нийслэлийн хөрөнгө оруулалт, батлагдсан төсвийн үр өгөөжийг нэмэгдүүлж, эрчимжүүлж ажиллаж байна. Энэ бол урд өмнө нь гарч байгаагүй үзүүлэлт гэдгийг хэлье” гэв.


Ийнхүү НИТХ дахь намын бүлгүүд болон төлөөлөгчдийн саналыг тусган, төсөвт өөрчлөлт оруулах тогтоолын төслийг баталлаа. Мөн хуралдаанаар нийслэлийн үнэт цаас гаргаж, арилжих тухай, 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тогтоолын төслийг баталсан юм.



Холбоотой мэдээ