Португалын шигшээ Чехийн багийг хожлоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2024-06-19 11:06:19

БЕРЛИН, 2024 оны зургаадугаар сарын 19 /RT/. Португалын хөл бөмбөгийн шигшээ баг Европын аварга шалгаруулах тэмцээний (ЕАШТ) хэсгийн шатны эхний тойргийн тоглолтод Чехийн багийг хожлоо.


Лейпциг хотод болсон F хэсгийн тоглолт 2:1 тооны харьцаатай дуусжээ. Чехийн шигшээ багаас хагас хамгаалагч Лукаш Провод тоглолтын 62 дахь минутад эсрэг багийн хаалганд гоолдсон бол 69 дэх минутад Робин Гранач өөрийн хаалганд оруулсан байна.  Франсишку Консейсау 90+2 дахь минутад гоолдсоноор Португалын шигшээ баг хожжээ. 


Португалын шигшээ багийн хамгаалагч Пепе Европын хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний түүхэн дэх хамгийн ахмад настай тоглогч боллоо. Тэрбээр 41 нас 113 хоногтойдоо гарааны бүрэлдэхүүнд талбайд гарчээ. Ингэснээр Унгарын шигшээ багийн хаалгач асан Габор Киралигийн (40 нас 86 хоног) рекордыг эвдэв. Энэ үзүүлэлтээр Португалын багийн ахлагч Криштиану Роналду (39 нас 134 хоног) гуравдугаарт бичигджээ. Тэрбээр Германы шигшээ багийн бүрэлдэхүүнд Дэлхийн болон Европын аварга болсон Лотар Маттеусын (39 нас 91 хоног) өмнө бичигдэх болов. Роналду мөн Европын аварга шалгаруулах зургаан тэмцээнд оролцсон анхны хөлбөмбөгчин боллоо.


Зургаадугаар сарын 22-нд болох хоёрдугаар тойргийн тоглолтод Португалын хөлбөмбөгчид Туркийн шигшээ багтай, Чехийн шигшээ баг Гүржийн багтай тоглоно. Туркийн багийн хөлбөмөгчид Гүржийн шигшээ багийг 3:1-ээр хожиж, гайхалтай тоглолтыг үзүүлсэн юм. 


Туркийн шигшээ багийн хамгаалагч Мерт Мюлдюр (25 дахь минутад), хагас хамгаалагч Арда Гюлер (65), Керем Актюркоглу (90+7) нар гоолджээ. Хожигдсон багийн бөмбөгийг Жорж Микаутазе (32) оруулсан бөгөөд тэрбээр ЕАШТ-д Гүржийн шигшээ багийн анхны гоолыг хийсэн хөлбөмбөгчин болжээ.


Гюлер ЕАШТ-ий анхны тоглолтдоо хамгийн залуудаа (19 нас 114 хоног) гоол оруулсан хөлбөмбөгчин боллоо. Тэрбээр 2004 оны ЕАШТ-д Грекийн багийн эсрэг гоолдсон Португалын довтлогч Роналдугийн (19 нас 128 хоног) амжилтыг эвдсэн байна.


Холбоотой мэдээ