Математикийн олимпиадын аварга багаар шалгарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2016-10-10 11:56:19

Говьсүмбэр аймагт энэ сарын 8,9-ний өдрүүдэд Зүүн бүсийн аварга шалгаруулах математикийн олимпиад амжилттай зохион байгуулагджээ. Тус олимпиадад Сүхбаатар аймгаас 40 орчим сурагч оролцож ур чадвар, ухаан бодлоо уралдуулсны дүнд Аварга багаар шалгарч чадлаа.

Тодруулбал Сүхбаатар аймаг багийн дүнгээрээ тэргүүлж 2-оос 12-р ангийн ангилалд нийт 48 багц медаль, 3 цом авч өнгөрсөн жилийн үзүүлсэн амжилтаа дахин баталжээ.

Сүхбаатар аймаг математикийн хичээлийн үзүүлэлтээр улсын хэмжээнд доогуур бичигддэг байсан. Тиймээс аймгийн ИТХ-аар Математик дэд хөтөлбөрийг батлуулж хэржүүлж эхэлсэнээс хойш жилээс жилд сайн үр дүн гарч байгаа. Энэ удаагийн олимпиадын дүн бол үүний нэг жишээ хэмээн холбогдох албаны хүмүүс ярьж байна.

Зүүн бүсийн аварга шалгаруулах математикийн олимпиадад Сүхбаатар, Дорнод, Багануур, Замын-Үүд, Дорноговь аймгийн багш сурагчид оролцсон юм.

Т. Одончимэг

Холбоотой мэдээ