ТӨВ: Нүүдлийн цэцэрлэгт 15 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2024-06-26 09:36:21

Зуунмод, 2024 оны зургаадугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Төв аймгийн Алтанбулаг сумын Замт 4 дүгээр багт “Нүүдлийн цэцэрлэг” үйл ажиллагаагаа явуулж байна. Тус цэцэрлэгт 15 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж байна.
 


Төв аймгийн Алтанбулаг сумын Засаг дарга Д.Батсуурь хэлэхдээ, “Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран “Улс орнуудын хөтөлбөр”-ийг 2024-2025 онд аймаг, орон нутагтаа хэрэгжүүлж байгаа билээ. Үүний нэг ажил болох боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, суралцах тэгш боломжоор хангах зорилтын хүрээнд "Нүүдлийн цэцэрлэг" төсөл хэрэгжиж байна.

 

Алтанбулаг суманд 2-5 насны 269 хүүхэд амьдардаг. Эдгээр хүүхдийн 160 нь танхимаар хичээллэдэг. Замт 4 дүгээр баг нь сумын төвөөс 100 орчим километрт оршдог.


Багийн малчин, мал бүхий иргэдийн хүүхдүүд сургуулийн өмнөх боловсролд тэр бүр хамрагдах боломжгүй байдаг. Иймд тус нүүдлийн цэцэрлэгийг ашиглалтад оруулж буй нь энэ юм.

 

Тус цэцэрлэгт хүүхдүүд сургуулийн өмнөх боловсролоор олж авах бүхий л хичээлүүдийг системтэйгээр үзэж судална.

 

Алтанбулаг сумын “Нүүдлийн цэцэрлэг” дараагийн ээлжид 3 дугаар багт очиж, хүүхдүүдээ хүлээн авна. Ингэснээр энэ хичээлийн жилд 30 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулна” гэв.

 

Төв аймгийн хэмжээнд сургуулийн өмнөх боловсролын хамран сургалт 96.4 хувьд хүрсэн байна.  




 

 

Холбоотой мэдээ