Парисын Олимпод 357 жүдоч барилдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-06-26 09:21:48

Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Олон улсын жүдо бөхийн холбооноос өчигдөр Олимпын бүсэд багтсан тамирчдын квотыг тогтоожээ.


Өөрөөр хэлбэл, Парисын Олимпод жин тус бүрд өрсөлдөх жүдочдын тоог эцэслэн баталсан гэсэн үг. Эрэгтэй, эмэгтэй нийт 14 жинд 107 орны 357 жүдоч барилдахаар болж байна. Тэдний баталсан тоогоор эмэгтэйчүүдийн 48 кг-д хамгийн олон буюу 30 бөх барилдах нь. Энэ жинд манай улсаас дэлхийн аварга Б.Баасанхүү зодоглоно.


Тэгвэл 52, 57 кг-д тус бүр 26, 63 кг-д 29, 70, +78 кг-д тус бүр 23, -78 кг-д 22 тамирчнаас Олимпын медальтнууд тодрох юм. Харин эрэгтэй долоон жингээс хамгийн олон бөхтэй жин нь 81, 90 кг болж байна. Дээрх хоёр жинд тус бүр 28 тамирчин барилдах аж. 60, 66 кг-д тус бүр 25, 73 кг-д 27, -100 кг-д 23, +100 кг-д 22 тамирчин Олимпын аварга болохын төлөө өрсөлдөнө.


Парист зодоглох бөхчүүдийн нэрийг долоодугаар сарын 6-нд буюу 10 хоногийн дараа албан ёсоор баталгаажуулах аж. Монголын багийн тухайд Парисыг зорих тамирчдын нэр тодорхой болсон ч холбооноос нь албан ёсоор зарлаагүй байгаа юм.


Харин холимог багийн төрөлд 19 улс оролцоно. Үүний таван баг нь Ази тивээс байх бол 11 нь Европоос, Пан Америкаас хоёр, дүрвэгсдийн нэг баг оролцох юм. Холимог багийн чансаагаар Монгол Улс 10-т жагссан байна. Олимпын жүдо бөхийн тэмцээн долоодугаар сарын 27-нд эхэлж, наймдугаар сарын 3-нд өндөрлөнө. 



Холбоотой мэдээ