Үндэсний соёл амралтын хүрээлэнг шинэчлэн тохижуулж, 40 мянган мод тарьжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2024-07-03 11:19:06

Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу Хүүхдийн паркийг “Рио Тинто Монгол” компани нийгмийн хариуцлагын хүрээнд ногоон байгууламж болгож, шинээр тохижуулжээ.


Паркийн Хүүхдийн ордоноос Нарны зам хүртэлх нийтийн эзэмшлийн 10.2 га талбайг иргэд амарч зугаалах, эко тохилог орчинд чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжтой, тогтвортой ногоон байгууламж болгон сэргээн засварласныг “Рио Тинто Монгол” компанийн Бизнес хөгжлийн захирал Э.Хонгорзул өнөөдөр хэвлэлийнхэнд танилцууллаа.




Хүүхдийн паркийн шинээр байгуулсан цэцэрлэгт хүрээлэнг өнөөдрөөс иргэдэд нээж байна. Ногоон цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтын ажил хоёр жилийн турш үргэлжилжээ. Бүтээн байгуулалтаар задгай ногоон театр, хүүхдийн тоглоомын талбай, иргэдийн тухлах сандал, сүүдрэвч болон өөрөө нөхөн сэргээдэг усалгааны бүрэн систем, цөөрөм зэргээр иж бүрэн тохижуулжээ. Цэцэрлэгт хүрээлэнг барууны орнуудын болон Япон улсын хотын стандартаар шинэчлэн байгуулсныг тодотгож байв. 

Төслийн инженер Б.Золзаяа, "Бид Хүүхдийн паркт 40 мянга гаруй мод бутыг үе шаттай тарьж байна. Нийт талбайн 80 хувийг зүлэгжүүлээд байна" гэв. Ингэснээр нийслэлд хүн бүрд хүртээмжтэй ногоон байгууламжийн талбай нэмэгдэж байна. 






Холбоотой мэдээ