ДУНДГОВЬ: “Хаалгаа нээ” нөлөөллийн аяны хүрээнд тайван жагсаал хийв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-07-03 12:21:49
altantogos

Мандалговь, 2024 оны долоодугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбооноос зохион байгуулж буй “Хаалгаа нээ” нөлөөллийн аяны хүрээнд 7 дугаар сарын 2-нд Дундговь аймагт тайван жагсаал хийв.


Жагсаалд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбооны удирдлага, орон нутгийн салбарын тэргүүлэгчид, төрийн байгууллагын болон эцэг эхийн төлөөлөл, Японы JCI байгууллагын сайн дурын ажилтнууд оролцжээ.


“Хаалгаа нээ” нөлөөллийн аяныг хөгжлийн онцлогтой хүүхэд, залуучуудад тэгш боломж олгох, хүртээмжийг сайжруулах, сурч, хөгжих орчныг бүрдүүлэх, нийгэмд эерэг хандлага түгээх, салбарын ажилтнуудад туршлага солилцох боломж олгох, төр, ТББ-ын хамтын ажиллагааг сайжруулахад нөлөөлөх зорилгоор жил бүр зохион байгуулдаг.  


Дундговь аймгийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 219 хүүхэд байдаг. Энэхүү нөлөөллийн ажлын хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуучууд, эцэг эхийн төлөөлөл аймгийн удирдлагуудтай уулзаж, хөгжлийн ялгаатай хүүхэд, залуусын сурч хөдөлмөрлөх орчны хүртээмжийг сайжруулах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийг хүүхдээ хөгжүүлэх, нийгэмд идэвхтэй оролцох, хөдөлмөр эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэх бодлого гаргах талаар санал хүсэлтээ илэрхийлжээ.









Холбоотой мэдээ