Алт хамгийн ашигтай хөрөнгө хэвээр байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2024-07-03 14:43:36

МОСКВА, 2024 оны долоодугаар сарын 3 /TASS/. Энэ оны эхний хагаст хамгийн ашигтай хөрөнгүүдийн нэг нь алт хэвээр байсан тухай Дэлхийн алтны зөвлөлийн (World Gold Council, WGC) тайланд дурджээ. 


Эл үнэт металлын үнэ гуравдугаар сарын дундаас тавдугаар сарын дунд үе хүртэл хэд хэдэн удаа түүхэн дээд хэмжээнд хүрч, он гарснаас хойш 12 хувиар өсжээ. Хоёрдугаар улирлын ихэнх хугацаанд нэг унци нь 2300 гаруй ам.доллароор арилжаалагдсаныг WGC онцолсон байна.


Алтны үнэ өсөхөд Төв банкнуудын худалдан авалт, Азийн хөрөнгө оруулагчдын үйл ажиллагааны идэвхжил, геополитикийн хурцадмал байдал, хэрэглэгчдийн эрэлт нөлөөлсөн гэж WGC үзэж байна. Төв банкнуудын эрэлт өнгөрсөн онд алтны үнийг дор хаяж 10 хувиар өсөхөд нөлөөлсөн бол энэ онд энэ үзүүлэлт 5 хувиар нэмэгдэх магадлалтай гэж тооцоолжээ.


Тайланд дурдсанаар, алтны үнэ үргэлжлэн өсөж магадгүй байна. "Алтны хувьд барууны хөрөнгө оруулалтын урсгалыг татаж буй хөгжингүй зах зээлүүд дэх хүүгийн бууралт, мөн хөрөнгийн зах зээлийн өсөн нэмэгдэж буй эрсдэл, үргэлжилж буй геополитикийн хурцадмал байдлаас хамгаалахыг эрэлхийлж буй дэлхийн хөрөнгө оруулагчдын үйл ажиллагаа үнийг өсгөх хүчин зүйл болно гэж бид үзэж байна" гэж тайланд дурджээ.


Холбоотой мэдээ