ЕВРО-2024 тэмцээний хагас шигшээд өрсөлдөх багууд тодорлоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2024-07-07 09:52:41

БЕРЛИН, 2024 оны долоодугаар сарын 7. /DW/. Германд болж буй Европын хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээд өрсөлдөх багууд тодорлоо.


Хагас шигшээд шалгарахын төлөөх сүүлчийн тоглолтууд долоодугаар сарын 6-ны бямба гарагт болж, Английн шигшээ баг Швейцарын багийг торгуулийн цохилтоор 5:3-аар, Нидерландын баг Туркийн шигшээг 2:1-ээр хожлоо. 


1988 онд тус тэмцээнд түрүүлж байсан Нидерландын баг хагас шигшээд өмнөх тэмцээний финалд шалгарч байсан Английн багтай өрсөлдөнө. Тоглолт долоодугаар сарын 10-нд Дортмунд хотноо болно.


Европын гурван удаагийн аварга Испанийн шигшээ баг долоодугаар сарын 9-нд Мюнхен хотын цэнгэлдэх хүрээлэнд тус тэмцээний хошой аварга Францын багтай тоглоно. 


Европ тивийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах 17 дахь удаагийн тэмцээний шувтаргын тоглолт долоодугаар сарын 14-нд Берлин хотод болно. 

Холбоотой мэдээ