Олимпын наадмын эрэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд өрсөлдөх бүх баг тодорлоо
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТСАН-ХУАН, 2024 оны долоодугаар сарын 8 /RIA Novosti/. Францын нийслэл Парис хотноо удахгүй болох зуны Олимпын наадмын сагсан бөмбөгийн төрөлд оролцох эрх олгох сүүлчийн тоглолт ням гарагт Литва, Пуэрто-Рико улсуудын шигшээ багуудын хооронд боллоо.
Пуэрто-Рико улсын Сан-Хуан хотноо болсон уг тоглолтод талбайн эзэн баг 79:68 харьцаатай хожжээ. Пуэрто-Рикогийн шигшээ баг 2004 оноос хойш анх удаа олимпыг зорихоор болж байгаа бол Литвийн баг дараалан хоёр дахь удаагаа Олимпын наадамд оролцох эрхээ авч чадсангүй.
Олимпын эрх олгох сүүлчийн тэмцээний шөвгийн наймын бусад тоглолтод Испанийн шигшээ баг Багамын багийг (86:78), Грекийн шигшээ Хорватын багийг (69:80), Бразилийн шигшээ баг Латвийн багийг (94:69) хожсон байна. Ийнхүү Парисын олимпын эрэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн тэмцээнд оролцох бүх 12 баг тодорч, багууд гурван хэсэгт хуваагдлаа.
А хэсэг: Австрали, Грек, Канад, Испани
В хэсэг: Франц, Герман, Япон, Бразил
С хэсэг: Серби, Өмнөд Судан, Пуэрто Рико, АНУ.
"Парис-2024" олимпын наадмын сагсан бөмбөгийн тэмцээнд оролцох 12 багийн найм нь өнгөрсөн онд тодорсон юм.
Олимпын наадмын сагсан бөмбөгийн тэмцээн долоодугаар сарын 27-ноос наймдугаар сарын 11-ний хооронд болно.