БАЯНХОНГОР: Жилийн 306 хоногт хасах градустай байдаг онцлогтой Гурванбулаг сум

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-07-09 08:50:58

Баянхонгор, 2024 оны долоодугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Гурванбулаг сум хуучнаар Сайн ноён хан аймгийн Пүрэв гүний хошуунд харьяалагдаж байгаад 1924 онд Цэцэрлэг Мандал уулын аймгийн Богдмарал уулын хошуу Баруун Гурванбулаг нэртэйгээр байгуулсан түүхтэй. Энэ жил тус сумын 100 жилийн ой тохиож байна.

Тус сум өөрийн аймгийн Жаргалант, Заг, Хүрээмарал, Баянбулаг, Завхан аймгийн Отгон, Архангай аймгийн Цахир, Хангай сумтай хиллэдэг. Улаанбаатар хотоос 924, аймгийн төвөөс 245 км алслагдсан хангайн бүсэд оршдог. Газар нутгийн бүтэц, нэгдмэл сангийн хэмжээ нийт 444.181 га газар нутагтай.

Бугат, Элстэй, Алаг байц, Цагаан битүү, Улаан битүү, Өнцөг, Тэнгэр царам, Гэр асга, Гурванбулаг, Баянхайрхан, Тэгш хайрхан, Ноён хайрхан, Өндөр жаргалант, Овоон таг, Оргуй, Худагт, Уртын сэрвэн зэрэг уул нуруудтай. Хамгийн өндөр цэг нь далайн түвшнээс дээш 3506 метр өргөгдсөн Өндөр жаргалант, хамгийн нам цэг нь 2000 метр өргөгдсөн Нарангийн булаг юм. Сумын төв нь далайн түвшнээс дээш 2300 метрт өргөгдсөн. Сумын хувьд голын сүлжээ харьцангуй сайн бөгөөд 20 гол, 3 нуур, 13 булаг шанд, 9 худагтай. Үүнээс Хөх нуур болон Хар ус, Өлзийт, Нарийн, Шар ус, Түргэн, Билүүт зэрэг томоохон гол, Нарийн, Рашаан толгой зэрэг эмчилгээний рашаантай.

Уур амьсгалын хувьд эрс тэрс уур амьсгалтай, жилийн 306 хоногт хасах градустай байдаг. Зун нь сэрүүн, богино болдог. Хоногийн болон улирлын агаарын температурын хэлбэлзэл ихтэй. Олон жилийн дунджаар агаарын температур -4 градус ба дулааны улирал буюу 4-10 дугаар сард +6 градус хүрдэг. Агаарын хамгийн дулаан жилдээ 20-23.6 градус дулаан, агаарын хамгийн хүйтэн температур 49.7-50.2 хүртэл хүйтэрдэг.

Нутгийн тахилагат Гурванбулаг хайрхан, Тэгш хайрхан, Өндөр Жаргалант, Ноёны овоо, Овоон таг, Баянхайрхан, Багшийн овоо, Овоон өндөр, Өндрийн овоо, Булагт, Бөөн, Сэрвэн зэрэг нутгийн шүтээн уулнуудтай. Гурван ноёны шарил, Билүүтийн хүрээний туурь, Чингис хааны гүүн зэлний гадас, Чинтийн овоо, Морин мөртийн морины мөртэй толгой зэрэг түүх соёлын дурсгалт газар олон байдаг. Түрэгийн үеийн буган чулуун хөшөөнүүд 10 орчим бий. Үүнээс хамгийн өндөр нь 2011 онд олдсон 4.2 метртэй Билүүтийн амны хөшөө юм.


Тус суманд өндөр уулын бор, хүрэн бор, тал хээрийн цайвар бор хөрс зонхилдог. Жаргалант хөндий, Таван ихрийн хоолой, Дуулгант, Морин мөртийн хөндий зэрэг өргөн уудам тал хөндийтэй. Ургамлын хувьд борог өвс, амт чанар сайтай ботууль, ерхөг, хиаг, хялгана, согоовор, сөд өвс, хөх шар дэгд зэрэг үет ба буурцагт ургамал зонхилон ургадаг. Вансэмбэрүү, алтан гагнуур, сөд, хөх шар дэгд, зэрлэг цахилдаг, мэхээр, бэрээмэг, хурдан цагаан, мангир, тарваган шийр, царван зэрэг хүн малын өвчнийг анагаах эмийн ургамал элбэг. Дээрх эмийн ургамлыг эрт дээр цагаас нутгийн зон олон хүн малын элдэв өвчин анагаахад ашигласаар ирсэн уламжлалтай.

Янгир, хойлог, тарвага, зурам, буга, зэрлэг гахай, ирвэс, аргал, угалз, туулай, солонго, үен, өмхий хүрэн, мануул, шилүүс, нохой зээх, дорго байхаас гадна чоно, үнэг, хярс, жигүүртнээс шонхор, тас, ёл, үлийн сар, хүрэн бор ятуу, шар шувуу, ууль, өвөөлж, ногтруу, цөцгий, тагтаа, бор шувуу, бүргэд, болжмор, өрөв тас, ахуун, шаазгай, нүүдлийн шувуудаас цахлай, хун, ангир, бор галуу, тогоруу байдаг.

Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын түүхт 100 жилийн ойн баяр наадмын хөтөлбөр


Холбоотой мэдээ