БАЯНХОНГОР: Гурванбулаг сумыг зорих хэн бүр Хөх нуурыг үзэж, Нарийны рашааныг хүртээрэй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-07-09 09:58:37

Баянхонгор, 2024 оны долоодугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын 100 жилийн ойн баяр наадам энэ сарын 18, 19, 20-нд болно. Ойн баярыг зорих хүмүүс очиж үзэх боломжтой түүх дурсгалын болон байгалийн үзэсгэлэнт газруудын тоймыг хүргэж байна.

Тус сум Улаанбаатар хотоос 924, аймгийн төвөөс 245 км алслагдсан хангайн бүсэд оршдог. Аймгийн төвөөс дан шороон замаар явж хүрнэ.

Хөх нуур

Хөх нуур нь Баянхонгор аймгийн төвөөс 304 км, Гурванбулаг сумын төвөөс хойд зүгт 60 км зайд оршдог аймгийн үзэсгэлэнт нууруудын нэг юм. Цэнгэг усны нөөцөөрөө аймагтаа 2 дугаарт ордог Баянхонгор аймгийн хангайн чиглэлийн аяллын маршрутад тэмдэглэгдсэн нуур.

Завхан аймгийн Отгонтэнгэр, Архангай аймгийн Ноён Хангайн халуун рашаан, Тэрхийн цагаан нуур зэрэг газар луу явах замд байрлалтай Хөх нуур нь дундаа жижиг аралтай. Хавар, намар нуурын жижиг арал дээр төрөл зүйлийн усны шувуу ирж үүрлэдэг, нуурын эргэн тойронд төрөл бүрийн ховор эмийн ургамал ургадаг онцлогтой.

Тус нуур нь далайн түвшнээс дээш 2649 метрийн өндөрт орших ба 17.2 хавтгай дөрвөлжин км талбайтай, 12.8 км урттай. Эргийн шугамын урт нь 32.3 метр, өргөн нь дунджаар 1 км, хамгийн өргөн нь 1.7 км, гүн нь дунджаар 15 метр, хамгийн их нь 43 метр хүрнэ.

Хөх нуураас Богино уулзварын гол эх аван Хар усны голд цутгадаг. Тус нуурыг 2020 онд Байгалийн нөөц газрын ангиллаар Улсын тусгай хамгаалалтад орсон.

Нарийны рашаан

Баянхонгорын рашаануудаас хамгийн сонирхолтой нь Гурванбулаг сумын нутагт оршдог Нарийны рашаан юм. Энд жилийн дөрвөн улиралд усанд нь амьдардаг болжмор, оготно байдаг. Тэр байтугай зарим өвөл ялаа хүртэл амьд өвөлждөг онцлогтой. Яг тэр үедээ энэхүү рашаан ямар ч өвчнийг анагаах увидастай болдог хэмээн нутгийн хүмүүс ярих нь бий.

Анагаах шидээр гайхагдсан Нарийны рашаан аймгийн төвөөс 260 км зайтай, Гурванбулаг сумын төвөөс 20 орчим км зайд байдаг.

Нарийны рашаан гурван хошуунаас салаалан урсах бөгөөд толгой, чих, хамар, ходоод, нүд, шүд, бөөрний гэх мэтээр ангилан хэрэглэсээр иржээ. Энэ рашааны бас нэг гайхалтай чанар нь зун хүйтэн атлаа өвөл нь бүлээсдэг. Тодруулбал, зуны аагим халуунд тус рашааныг хүртэхэд хүйтэн таатай мэдрэмж өгөх бол өвлийн дүн хүйтэнд бүлээн байдаг аж.

Рашаантай холбоотой домог мэт яригддаг сониноос дурдахад, 1964 онд Хөвсгөл аймгийн харьяат нэгэн хэлгүй хүн рашаанаас ууж овоонд нь мөргөж байтал тушаатай морь нь дэгдээд явахад мориныхоо араас уулга алдан хашгиртал хэл орчихсон байсан гэдэг.

Шар хадны агуй

Гурванбулаг сумын Цэнгэл 1 дүгээр багийн нутагт орших бөгөөд далайн түвшнээс дээш 2300 метрийн өндөрт орших уулын оройд байрлах хагарал цөмрөлөөс үүссэн агуй юм. Агуйн орчимд төрөл бүрийн бүтэц бүхий чулуулаг нэлээд тохиолдоно. 

Гэр асга

Давааны ам баг 2 дугаар багийн нутаг Өнцөг уулын зүүн хормойд байрлах Гэр асга уул. Энд дээр үед шилийн сайн эрчүүд орогнож, аж төрөн суудаг байсан гэх өвгөдийн яриа үеэс үед ам дамжин яригдсаар одоо домог болжээ. 

Чинтийн овоо

Морины мөртэй хад

Тус сумын Цэнгэл 1 дүгээр багийн нутаг Морин мөртийн хөндийд Морин мөртийн толгой гэх газар байгалийн өвөрмөц ховор дурсгалт газар бий. 

Холбоотой мэдээ