Испанийн шигшээ баг түүхэндээ тав дахь удаагаа ЕАШТ-ий финалд шалгарлаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТБЕРЛИН, 2024 оны долоодугаар сарын 10 /DW/. Германд болж буй Европын хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээгийн тоглолтод Испанийн шигшээ баг Францын багийг 2:1-ээр буулган авснаар тус тэмцээний финалд шалгарсан эхний баг боллоо. Мюнхен хотын цэнгэлдэх хүрээлэнд өчигдөр болсон тоглолтыг 66 мянган хүн үзжээ.
Тоглолтын тооны харьцааг 9 дэх минутад Францын шигшээ баг нээсэн байна. Довтлогч Рандаль Коло-Муани багийн ахлагч Килиан Мбаппегийн дамжуулсан бөмбөгийг торгуулийн талбайн зүүн захаас мөргөж оруулжээ. Тоглолтын 21 дэх минутад Испанийн багийн довтлогч Ламин Ямаль 20 метрийн зайнаас хийсэн ганган цохилтоор тооны харьцааг тэнцүүлсэн бол дөрвөн минутын дараа хагас хамгаалагч Дани Ольмо гоолдсоноор Испанийн хөлбөмбөгчид тэргүүлж эхэлсэн байна.
Л.Ямаль Европын болон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд гоол оруулсан хамгийн залуу тоглогч боллоо. Тэрбээр 16 нас 362 хоногтойдоо гоолдож, 1958 онд Шведэд болсон ДАШТ-ий шөвгийн наймд Уэльсийн багийн хаалганд 17 нас 239 хоногтойдоо гоолдож байсан Бразилын домогт хөлбөмбөгчин Пелегийн амжилтыг эвджээ. ЕАШТ-ий өмнөх амжилтыг 2004 онд Португалд зохион байгуулсан тэмцээнд 18 нас 141 хоногтойдоо Францын хаалганд гоол оруулж байсан Швейцарын хөлбөмбөгчин Йохан Вонлантен эзэмшиж байв. Л.Ямаль мөн тус тэмцээнд оролцсон хамгийн залуу хөлбөмбөгчин болсон юм.
Европын гурван удаагийн аварга Испанийн шигшээ баг Нидерланд, Английн багуудын аль хожсонтой нь аваргын төлөө тоглоно. Тус хоёр багийн тоглолт долоодугаар сарын 10-ны лхагва гарагт Дортмунд хотод болно.
Испанийн шигшээ баг түүхэндээ тав дахь удаагаа Европын аварга шалгаруулах тэмцээний финалд шалгарлаа.
Финалын тоглолт долоодугаар сарын 14-нд Германы хөл бөмбөгийн хамгийн том цэнгэлдэх хүрээлэн болох Берлин дэх Олимпын цэнгэлдэх хүрээлэнд болно.