БАЯНХОНГОР: Баацагаан сумын 100 жилийн ой тохиож байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБаянхонгор, 2024 оны долоодугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Баацагаан сумын 100 жилийн ой энэ онд тохиож буй. Тус сумынхан ойн баяр наадмаа энэ сарын 17-19-нд хийхээр товлоод байна.
1924 оны өөрчлөн байгуулалтаар Цэцэрлэг мандал уулын аймгийн Гучин уулын хошууны дотор хоёр сум байсны нэг буюу Цагаан гол сум нь хожим Баянхонгор аймгийн Баацагаан сум болон байгуулжээ.
Баацагаан нийслэл Улаанбаатар хотоос 765 км, аймгийн төвөөс 127 км зайд байрладаг. Сумын төв нь Баянсайр. Сумын нутаг далайн түвшнээс дээш 3000 м өргөгдсөн, Улаан аргалант, Хар аргалант, Нарийн хар, Билгэх, Хөвших, Холбоо зэрэг уулсаар хүрээлэгдэн оршдог.
Баянсайр сууринаас хойд зүгт 18 км явахад Бөөнцагаан нуурт очно. Мөн Цагаан гол, Жаргалант, Далан түрүү, Цагаан бургастын зэрэг гол горхи, булаг шанд бий.
Баацагааныхны хөдөлмөрч хичээнгүй зан чанарыг төр засгаас үнэлэн 1973 онд төрийн дээд "Алтан гадас" одонгоор шагнаж байжээ.
Баацагаан сумаас төрөн гарсан бичгийн мэргэд цөөнгүй. Тухайлбал, алдарт “Хүрэн морь”-ны хэмээн алдаршсан Төрийн шагналт зохиолч Ч.Лхамсүрэн, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Төрийн шагналт П.Пүрэвсүрэн нарын зэрэг найрагчид энэ л нутагт төрж өсжээ.
Чойжилжавын Лхамсүрэн /1917-1979/
/Төрийн шагналт зохиолч, яруу найрагч, хүүхдийн зохиолч/
1917 он: Одоогийн Баянхонгор аймгийн Баацагаан сумын нутагт зарц ядуу малчны гэрт төржээ.
1920 он: Эх нь нас барж, зарцлагдаж байсан Лхамсүрэнг Чойжилжав үрчлэн авсан байна.
1937-1940 он: Улаанбаатар хотноо Худалдааны техникумд суралцаад, дараа нь ардын цэргийн алба хаажээ.
1941-1944 он: Цэрэгт байхдаа дэлхийн 2-р дайны үеийн хүнд бэрх амьдралыг туулсан. Цэргээс халагдан Монголын зохиолчдын түр хороонд ажиллажээ.
МЗЭ-ийн хорооны нарийн бичгийн дарга, "Цог" сэтгүүл, "Утга зохиол урлаг" сонины ажилтнаар олон жил ажилласан.
1964-1966 он: Мосвка хотноо М.Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуулийн дэргэдэх утга зохиолын дээд курст суралцан төгсчээ. Уран зохиолын томилолтоор Баянхонгор, Говь-Алтай, Улаанбаатар төмөр зам, Налайхын уурхай, Том ширний үйлдвэр, Хялганатын модны үйлдвэр зэрэгт ажиллаж байв.
Төр засаг түүний уран бүтээлийг өндрөөр үнэлэн "Маамуу нааш ир" шүлэг, "Хүрэн морь" найраглал зохиосон учир Монгол улсын төрийн шагнал /1963/ хүртээж, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнажээ.
Түүний дурсгалыг мөнхжүүлж, төрсөн нутагт нь уран бүтээлийн музей байгуулж, бүрэн зохиолын түүврийг нь ботилон хэвлүүлж, номын хөшөө босгосон байна.
Пүрэвжавын Пүрэвсүрэн /1938 -2014/
/ Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Төрийн шагналт зохиолч, яруу найрагч/
Тэрээр 1938 онд Баянхонгор аймгийн Баацагаан суманд төрсөн.
1962 онд УБИС-ийг төгсөж, 1958 оноос уран бүтээлээ эхэлсэн бөгөөд "Хүний тухай дууль", "Бүргэдийн дууль", “Гал", "Хүслийн зарлиг”, "Цэцгийн хувь" зэрэг шүлэг, найраглалын ном, "Чин хайрын өргөл" "Уран захидлын хариу", "Зууны цэцэг", "Тавилан" зэрэг туужийн 20 гаруй ном хэвлүүлжээ. "Өшөө", "Шувууны хараал" зэрэг, хүн байгалийн харьцааны тухай өгүүллэгүүд нь уншигчдын таашаал хүлээсэн юм.
Гавьяа шагнал:
1989 онд Төрийн шагнал, 1973 онд МЗЭ-ийн шагнал хүртсэн юм. 2009 онд Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртжээ.