Ц.Батнайрамдал: Техник технологийн шинэчлэлтэй хослуулахад урлаг соёл маань дэлхийд гарах бүрэн боломжтой

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-07-11 13:00:49

Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлт ёслол төгөлдөр болж өндөрлөлөө.


Наадмыг нээх ёслолыг найруулсан Ц.Батнайрамдал, “Ард түмнийхээ эв нэгдлийн баталгаа, бахархал, дархлаа болсон үндэсний их баяр наадмын нээлтийг хийх хувь тохиол олгосон төрдөө, түмэн арддаа баярлалаа. Монголын ард түмэн нүүдэлчин соёлыг дэлхийд гаргах бүрэн боломжтой. Өв соёлоо тээгээд орчин үеийн техник технологийн шинэчлэлтэй хослуулахад урлаг, соёл маань дэлхийд гарах бүрэн боломжтой гэдгийг наадмын нээлтээр харуулахыг зорилоо.


Та бүхний сэтгэлд нийцсэн бол төр, түмний өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагаа бага ч гэсэн биелүүллээ гэж баярлаж байна. Нийт 21 аймгийн язгуурын өв тээгч найман настай балчраас 80 настан хүртэл 1300 гаруй уран бүтээлч дэлхийн үүслээс эхлээд балар эртний хүмүүсийн аж байдал, ахуй байдлаас нүүдэлчин монголчуудын язгуурын өв соёлыг харуулах гэж гурван сарын турш хөдөлмөрлөсний үр дүн гарлаа хэмээн үнэхээр их баярлаж байна.


Наадмын найруулгын зохиолыг МҮОНРТ-ийн радиогийн редактор, Монголын зохиолчдын эвлэл, “Болор цом” наадмын шагналт яруу найрагч О.Цэнд-Аюуш бичсэн. “Эх дэлхийн энх оршихуйн цадиг” нэртэйгээр нүүдэлчин монголчууд байгаль дэлхийгээ шүтэж, ахуйгаараа дэлхийн даяаршлын үед хүн төрөлхтний энх амгаланг дараагийн сайн сайхан руу хөтлөх хөтөч нь болох боломж байгааг харуулж байгаа юм" хэмээн ярилаа. 


Наадмын нээлтийн тоглолтыг өнөө орой 22:00 цагаас давтан үзүүлнэ.

Холбоотой мэдээ