БАЯНХОНГОР: Баацагааныг зорих хүмүүс Бөөнцагааныг тольдоорой
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБаянхонгор, 2024 оны долоодугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Баацагаан сум үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойн баяр наадам энэ сарын 17-19-нд болно. Ойг зорих хүмүүс үзэж харж болох зарим байгалийн үзэсгэлэнт болон түүхэн дурсгалт газрын мэдээллийг хүргэе.
Тус нуур Баянхонгор аймаг дахь Нууруудын хөндийн хамгийн том, давст нуур юм. Бөөн цагаан нуурт 99 гол, горхи нийлж мөрөн болоход ганцхан гол дутсан гэдэг Байдрагийн гол цутгадаг. Энэ нуурыг алсаас харахад цагаан өнгөтэй харагддаг учраас Бөөнцагаан нуур хэмээн нэрлэсэн түүхтэй.
Бөөнцагаан нуурын домог
Эрт галавын үед хорон санаат баян ноёны санаархаж байсан үзэсгэлэнт бүсгүй нутгийн ядуу залуу хоёр хайр сэтгэлтэй болжээ. Тэр хоёрыг элдвээр оролдоод ч салгаж чадсангүй. Тиймээс хоёуланг нь хороож, хангайн уулын өвөрт нутаглуулжээ. Гэтэл тэнд нь хоёр сайхан мод ургаж, орой оройгоор нийлж мөчир нь хоорондоо сүлжин найрсан ургасан байна. Өширсөн баян тэр даруй модыг тас хөрөөдүүлж, шатаагаад үнсийг нь хоорондоо гурван өртөө хол зайтай хоёр ууланд аваачиж булжээ. Төдөлгүй тэр хоёр цэгээс нэг нэг булаг дэлбэрэн оргилж замын булаг шандтай нийлэн томорсоор гурван өртөөний цаана хоёул хоорондоо уулзан нийлж нэг том гол болон урсаж Алтайн нурууны ар хоолойд тогтон, Бөөнцагаан нуурыг үүсгэсэн гэдэг.
Хянганы дурсгал
Баянхонгор аймгийн Баацагаан сумын Дунд аргалант уулын Товгор, Баянбулаг багийн нутаг дэвсгэр байрлах Хянганы дурсгал нь хадны сийлбэр бичээсийн цогцолбор бөгөөд одоогоор ихэнхдээ буга, нум сум, ан гөрөө хийж буй хүний дүрслэлтэй. Уг дурсгалт газар нийт 45 орчим бичээс бий.
Тогтохын чулуун дурсгал
Баянхонгор аймгийн Баацагаан сумын Зүүнхаяа багийн нутагт байрлах Тоглохын чулуун дурсгал нь сумын төвөөс зүүн тийш 45 км байрлах бөгөөд аймгийн хамгаалалттай дурсгал юм. Тус түүх соёлын үл хөдлөх дурсгал нь эртний бичээстэй.
Одоогоос 38 жилийн өмнө буюу 1983 онд Монгол Улсын тэргүүний анчин, осолгүй манлай жолооч, 700 мянгат жолооч Насанбуянгийн Баасан үр хүүхдүүдийн хамт Улаан Аргалант уулын аманд байрлах байгалийн амьд чийгтэй Дэвхрэгийн шандад бургас, улиас, чацаргана сонгино зэргийг тарьж ургуулж үр хойч залуу үедээ, байгаль эх дэлхийдээ модон суварга босгож байжээ.
Эдүгээ улиас бургас нь ургаж, орчин тойрны байгалиа чимэглэдэг.
Н.Баасан нь байгаль эх дэлхийгээ сүсэглэн дээдэлдэг, ан амьтнаа эрхэмлэн хайрладаг хүн байсан бөгөөд Улаан Аргалантын ан амьтдыг ундаалдаг Дэвхрэгийн шандыг ширгэх, устах эрсдэлээс хамгаалж мод тарьж үлдээсэн байна.