Солирын урсгалыг харах боломжтой

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2024-07-16 11:32:04

Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Хумхын Делта солирын урсгал /Delta Aquarids/-ын энэ оны оргил үе нь 7 дугаар сарын 28-ны шөнөөс 7 дугаар сарын 29-ний өглөө хүртэл ажиглагдана.


Хэрэв тохиромжтой цагийг хүлээж чадвал солирын урсгалыг харах боломжтой. Шөнө дундаас хойш харанхуй үед ажиглахад тохиромжтой. Хумхын одны ордноос солир цацрах боловч тэнгэрийн аль ч зүгт харагдаж болохыг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн мэдээлжээ.


Солирын урсгалын тухайд цагт дунджаар 20 тооны солир дэлхий руу орж ирдэг. Марсден болон Крачт сүүлт одны тоосны үлдэгдлээр үүсгэгдсэн энэ урсгал жил бүрийн 7 дугаар сарын 12-ноос 8 дугаар сарын 23-ныг хүртэл болдог байна. 


Гараг хоорондын орон зайд элдэв төрлийн тоос, шороо, том жижиг хатуу биетүүд оршдог. Дэлхийн гадарга нь тоосны ширхгээс эхлэн хэдэн кг жин татах чулуу хүртэлх янз бүрийн хэмжээтэй сансрын биетээр байнга "бөмбөгдүүлж" байдаг. Эдгээр нь дэлхийн хийн мандалд цагт 60 мянган км, түүнээс ч их хурдтай орж ирэн, агаарын үрэлтийн улмаас хайлж шатдаг аж.  

Холбоотой мэдээ