БУЛГАН: Эмгэнт хошууны хүрэл дуулгат дөрвөлжин булш

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2024-07-18 11:40:56

Булган, 2024 оны долоодугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутаг Хантай багийн төвөөс зүүн урагш 30 гаруй км зайд, Эгийн голын хойно Баруун бэлсэгийн аманд орших хадтай хошууг Эмгэнт хошуу хэмээн нэрлэх бөгөөд энд 10 дөрвөлжин булш, хиргисүүр, дөрвөн хөшөө чулуу байдаг.


Эдгээрээс гурав дахь дөрвөлжин булшийг 1992 онд малтан шинжилсэн. Зүүн урагшаа хандуулсан оршуулгын энэ байгууламжийг 70 см хүртэл гүн малтах үед адууны толгойн ясны үйрмэг хэсэг, шүд, эрүүний яс олдож 100 см гүн малтахад оршуулгын нүхэнд хүрчээ.


Оршуулгын нүх нь гаднах байгууламжийн адил азимутын 125 градусын чиглэлтэй байв. Булш маш ихээр тоногдсон учраас оршуулгын нүхэнд хүнээ хэрхэн яаж оршуулсан болох нь мэдэгдээгүй бөгөөд нүхний байдлыг ажиглахад зүүн зүг хандуулж тавьсан бололтой байжээ.


Булш хэдийгээр тоногдсон ч нүхний баруун хананд шахаж тавьсан хүрэл дуулгаас гадна толгой талаас нь ваарны гурван ширхэг хагархай хэсэг, нэг ширхэг хүрэл товруу, нэг ширхэг оюу зүүлт, богийн шагай зэрэг зүйлс гарсан байна.


Хүрэл дуулга нь орой дээрх сэнжийг оролцуулан 22 см өндөр, урдаасаа хойшоо эгц харсан өргөнөөрөө 22 см, зүүнээс баруун тийш эгц харсан өргөнөөрөө 16 см байв.


Дуулганы нүүр болон шилэвч тал нь ялгарч мэдэгдэхгүй, урд хойд хоёр тал ижил хэмжээтэй, хоёр шанаавчны доод ирмэгт 6-7 мм дугуй голчтой бүч сүвлэх нүхтэй аж.


Дуулганы зах ирмэгийг таван мм өргөнтэй товгор хүрээгээр эмжин хүрээлжээ. Орой дээрх гогцоо нь 2 см өндөр, 3,5 см өргөн, 1 см бүдүүн юм. Хүрэл товруу нь есөн мм голчтой, тал бөмбөлөг, ардаа зүүлтний сэнжтэй, оюу зүүлт нь 6х8 мм хэмжээтэй, хоёр мм зузаантай, голдоо нүхтэй, ваарны хагархай хэсэг нь хар хүрэн шаварлаг шороогоор зуурч, шатааж хийсэн байв.



Холбоотой мэдээ