БУЛГАН: Хун шувууны хөл хар байдгийг буриад зоны домог тайлдаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2024-07-19 09:45:00

Булган 2024 оны долоодугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Буриад зоны үүсэл гарал, яс үндэс, овог аймгууд, дээлний гурван эмжээр, үг хэлний аялга, хараацай тооно, Дангина, Заяан наваа дуунууд, булхай чарга, түйсэн сав суулга гээд өвөрмөц ахуй, аж төрөх ёсондоо их түүхээ хадгалж иржээ.


Домогт Хоридай мэргэн Байгаль нуурын эрэгт явж байгаад нэгэн сонин зүйл харав гэнэ. Тэнгэрээс нисч ирсэн хун шувууд нуурын эрэгт буухдаа үзэсгэлэн төгөлдөр охид болж, далавч нь гоёмсог нөмрөг болон хувирч байв гэнэ. Охид нөмрөгөө тайлан Байгаль нуурын усанд сэлж зугаацан өдөржин наадсаны эцэст гоёмсог нөмрөгүүдээ өмсөнгүүт хун болон хувирч тэнгэртээ дүүлэн буцаж байхыг харжээ. Нэгэн өдөр Хоридай мэргэн нуурын эрэг дээрх зэгсэн дунд нуугдаж байгаад хамгийн ихээр таалагдсан нэгэн бүсгүйн нөмрөгийг авч нуугаад хөөрхий хун шувууг далавчгүй болгочихжээ. Ийнхүү тэнгэрийн бүсгүй газрын хүний гэргий болон амьдарч олон хүүхэд төрүүлэв гэнэ.


Хун болон хүн хоёр хамт амьдарсаар олон жил сарыг үдэж хамтдаа өтөлж гэнэ. Нэгэн өдөр хун эхнэр нь сархад нэрэхээр тогоондоо бүрхээр тавьж, Хоридай мэргэн тогоо, бүрхээр хоёроо балингаар шавж байтал эхнэр нь “миний нөмрөгийг үзүүлээч” гэжээ. “Олон хүүхэдтэй, өтөл насандаа ирсэн энэ маань яав л гэж” хэмээн бодоод хав дарж хадгалсан нөмрөгийг нь гаргаад өгчээ. Эхнэр нь нөмрөгөө нөмөрч сууснаа гэнэт хун болон хувирч тоонон дээрээ гарч “ган гун” гэсээр дээш нисэхэд Хоридай мэргэн шаваас хийж байсан халтар гараараа хөлөөс нь зууран авсан боловч тогтоож чадалгүй алджээ. Хун шувууны хөл хар байдаг нь үүнтэй холбоотой ажээ.

 

Сонирхуулахад Буриад гэдэг нэрийн тухайд судлаачид янз бүрээр тэмдэглэсэн байдаг.

Буриадуудын угийн бичиг бүр Барга баатрын домгоор эхэлдэг ба “Баргут” хэмээх үгнээс “буриад” нэр үүссэн гэх яриа бий.

Түрэгийн ноёрхлын үед чоно шүтээнтэй монгол болон буриад аймгуудыг “бурет” гэж нэрлэж байснаас “буриад” нэр үүссэн.

Ойн иргэдийн бүрэлдэхүүнд багтаж явсан “бургасынхан” овгоос “бураад” буюу “буриад” үүссэн.

Сибирийн бүсэд Оросын хаан “харь үндэстнүүдээс татвар авах”-аар тогтож татвар төлснийг нь “брат” гэж нэрлэснээс “бурят” үүссэн гэх мэт сурвалжууд байдаг ажээ.







Холбоотой мэдээ