Узбекистаны дугуйгаар аялагч Улаанбаатарт иржээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ДЭЛХИЙД БИДНИЙ ТУХАЙУлаанбаатар, 2024 оны долоодугаар
сарын 15 /МОНЦАМЭ/. Үндэсний
баяр наадмаар
Узбекистан улсын иргэн, дугуйгаар аялагч Хурсанд Шеров нийслэлийн төв талбайд хүрэлцэн ирж ээлжит аялалаа
өндөрлүүлсэн юм. Тэрбээр “Торгоны зам” дагуу Ташкент-Шымкент-Тараз-Алма-Ата-Алтайн
хязгаар-Улаанбаатар гэсэн чиглэлээр 7000 км замыг туулж нийслэлийн төв талбайд иржээ. Хурсанд Шевров анхнаасаа Монголын үндэсний баяр Наадмын өдрүүдэд
Улаанбаатарт очно хэмээн төлөвлөсөн бөгөөд зорилгоо биелүүлжээ.
Сүхбаатарын талбайд ирсэн даруйдаа
Хурсанд ая дуугаа өргөхөд цугласан олон түүний гайхалтай цээл хоолойг
биширэн дууг нь сонссон. Түүний
хоолойг бишрэх нь аргагүй. Учир нь, Хурсанд
бол мэргэжлийн дуурийн дуучин хүн бөгөөд аялалд гарахын өмнө мөн барианд
орсныхоо дараа заавал ая дуугаа өргөдөг. Энэ нь хүмүүст зөвхөн баяр баясгалан бэлэглээд зогсохгүй эв найрамдлын бэлгэдэл болдог.
Тэгээд ч Хурсанд гэдэг нь узбекээр “Баяр баясгалан” гэсэн утгатай.
Бид юуны түрүүн Монгол Улсын
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн БНУзбекистан улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиеевийн
урилгаар Узбекстанд хийсэн төрийн айлчлалын талаар ярилцсан юм.
-Таны аялал Монгол Улсын
Ерөнхийлөгчийн Узбекистан улсад хийсэн айлчлалтай холбоотой юу?
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн
айлчлалын үеэр хоёр тал спорт,
соёл урлаг, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай албан ёсны баримт
бичигт гарын үсэг зурсан. Үүнтэй холбогдуулан би
Монгол руу дугуйн аялал
хийхээр шийдсэн. Аялынхаа гарааг
Ташкентаас эхлүүлсэн бөгөөд намайг миний дамжин өнгөрөх
улс орнуудын Элчин
сайд нар үдэн өгсөн.
-Та өөрийгөө манай
уншигчдад танилцуулна уу? Яагаад дуурийн дуучин болсон бэ?
-Би Узбекистаны Соёл урлагийн дээд сургуулийг дуурийн дуучин мэргэжлээр төгссөнийхөө дараа театр болон эстрад-симфони
найрал хөгжимд
гоцлол дуучнаар ажиллаж байсан.
-Дуурийн дуучин хүн яагаад дугуйгаар аялагч болчихов?
-Үүний
хамгийн гол шалтгаан нь миний эрүүл мэнд. 2000 онд би
Узбекистаны Радио, телевизийн дэргэдэх Батыр Закировын нэрэмжит эстрад-симфони
найрал хөгжмийн гоцлол дуучнаар ажиллаж байхдаа Төрийн шагнал олгохын өмнөх тайлан тоглолтоо хийж байлаа. Концертын үеэр миний бие гэнэт муудсан боловч
би концертыг дуустал нь тэссэн. Ингээд шинжилгээ хийлгэхэд зүрхний ишеми өвчний шинж тэмдэг
илэрсэн нь намайг цочирдуулсан. Би чинь залуугаасаа
л архи амсдаггүй, тамхи татдаггүй байсан.
Олон ч эмчид үзүүлсэн. Намайг үзсэн тав дахь эмч болох Зөвлөлтийн алдартай эмч Евгений
Чазовын шавь асан Равшанбек Курбанов хэмээх профессор “энэ бол
мэдрэлийн гаралтай зүрхний өвчин” гэж оношлоод, спортоор хичээллэж, идэвхтэй
хөдөлгөөнтэй байхыг зөвлөсөн юм. Мөн эмч нар хүзүү нурууны шохойжилт гэдэг онош
тавьсан. Хүүхэд байхдаа би зам тээврийн осолд орж, 4 жил 45 хоног хэвтэрт
байсан нь өвчний маань гол шалтгаан
болсон.
Харин одоо би амьд, эрүүл саруул байна. Эртний Грекийн суут гүн ухаантан Аристотель “Хөдөлгөөн бол амьдрал, амьдрал бол хөдөлгөөн”
гэж хэлсэн байдаг. Би энэ уриан дор амьдарч байгаа хүн,
олон ч ном уншсан. Тэдгээрийн
дотор Америкийн нэрт эрдэмтэн Пол Брэггийн “Өлсөхүйн гайхамшиг” гэдэг номыг
уншаад өөр дээрээ туршиж үзсэн.
Спортоор хичээллэж эхэлсэнээс 5
сарын дараа миний зүрх өвдөхөө больсон. Нэг үгээр хэлбэл, спортоор хичээллэх болсон нь намайг дугуйн
аялалд хөтөлсөн юм. Би бол Узбекистаны анхны дугуйгаар аялагч хүн.
Хурсанд Шеровын ярьснаар, Монгол руу орж ирээд өргөн уудам тэгш тал нутгийг хараад түүний сэтгэл ихэд хөдөлжээ. Мэдээж хэрэг, бороо
орох, даарах, дугуй эвдрэх, шөнө дунд майхных нь дэргэд чоно улих гэх
мэт олон саад бэрхшээлтэй тулгарсан
гэнэ.
Тэрбээр “VOX” дугуйндаа 54 кг хүнд ачааг тээж явжээ. Ачаандаа хувцас,
хоол хүнс гээд хамгийн хэрэгцээтэй зүйлсийг хийжээ. Хүчтэй шуурганы
үеэр ийм хүнд ачаатайгаар өндөр уулын оргилд гарна гэдэг бол амар
зүйл биш. Гэхдээ энэ бүхэн цаг зуурын бэрхшээл.
Хамгийн гол нь, түүний дугуйтай аялал нь спорт, урлаг, эв найрамдал
гэсэн гурван чухал зүйлийг нэгтгэдэг. Спортод хил хязгаар гэж үгүй бөгөөд очсон
улс орон болгонд түүнийг халуун дотноор, баяртайгаар угтан авдаг.
Х.Шеровын шүтээн бол Зөвлөлтийн нэрт дуучин Мусим Магомаев
бөгөөд Хурсанд бүх аяллаа түүнд зориулдаг. Нэгэн удаагийн аяллаар М.Магомаевын
төрсөн өдрөөр Москвад ирэх үед Хурсандыг алдарт
дуучны гэргий, нэрт дуучин Тамара Синявская угтан авчээ.
Х.Шеров 2013 оноос дугуйгаар аялж эхэлсэн бөгөөд жил бүр
10-20 мянган км-ийн зайд ганцаарчилсан аялал хийдэг. Өнгөрсөн хугацаанд тэрбээр
Орос, Казахстан, Киргиз,
Хятад зэрэг улс орнуудаар
аялжээ.
Ярилцлагын төгсгөлд ойрын жилүүдэд хаашаа аялах гэж байгаа
талаар нь сонирхоход
Хурсанд энэ талаар ярьсангүй “цагаан хэл ам хүрчихнэ” гэв.