СЭЛЭНГЭ: Хөдөлмөрийн баатар, гахайчин Цагаандайн Буниа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-07-19 12:01:40

Сүхбаатар, 2024 оны долоодугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Одоогийн Мандал сум, хуучнаар Зүүнхараагийн сангийн аж ахуйгаас Монгол Улсын анхны гахайчин, Хөдөлмөрийн баатар эмэгтэй Цагаандайн Буниа алдраа дуурсгасан түүхтэй.


Ц.Буниа нь Сибирийн болон нутгийн цагаан гахайг өөх, махны чиглэлээр эрлийзжүүлэх ажилд чамгүй хүч хөдөлмөрөө зориулжээ.


Монгол Улсын анхны гахайчин, Хөдөлмөрийн баатар Ц.Буниа нь 1955 оноос Зүүнхараа САА-д ажиллаж, бие даан зоотехникчийн мэргэжил эзэмшин, Сибирь үүлдрийн гахайг нутгийн цагаан гахайтай эрлийзжүүлэн удам угсаа, биеийн галбир, төлөрхөг чанарыг сайжруулан, гахай маллагааны шилдэг арга ажиллагааг бий болгожээ.


Тэрээр мэгжийг жилд 2 төллүүлж, нэг мэгжээс дунджаар 25 торой бойжуулж амьдын жинг нь 15 кг-д хүргэн, гахай малласныхаа эхний 7 жилд 2000 гаруй гахайгаар сангийн аж ахуйн гахайн сүргийг өсгөсөн байна.  


Хөдөлмөрийн баатар Ц.Буниа нь Ардын Их Хурлын депутат, Сүхбаатарын одонгоор хоёр удаа, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас одонгоор тус тус шагнуулжээ.


БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгч, Төрийн гурван удаагийн шагналт, Ардын уран зохиолч Цэндийн Дамдинсүрэн Зүүнхараагийн сангийн аж ахуйд ирж, БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар цолыг гахайчин Ц.Буниад 1962 оны 5-р сарын 11-ний өдөр гардуулж байжээ.

Холбоотой мэдээ