ДАРХАН-УУЛ: Элсэлтийн шалгалтад амжилт үзүүлсэн багш, сурагчдад мөнгөн дэмжлэг үзүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2024-07-22 16:54:06

Дархан, 2024 оны долоодугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Элсэлтийн шалгалтад амжилт үзүүлсэн сурагчид болон бэлтгэсэн багш нарт аймгийн Засаг дарга Б.Азжаргал жил бүр тэтгэлэг олгодог. Энэ жил 38 сурагч, 17 багш аймгийн Засаг даргын тэтгэлгийг хүртлээ.




2023-2024 оны хичээлийн жилд Дархан-Уул аймгаас дөрвөн сурагч элсэлтийн шалгалтад 800 оноо авсан. Урьдчилж англи хэлний /IELTS/ олон улсын шалгалтыг 10 хүүхэд амжилттай өгч, 7.5-8 оноо авч элсэлтийн шалгалтын 800 оноог дүйцүүлснээр Дархан-Уул аймаг гурав дахь жилдээ англи хэлний хичээлээр улсдаа тэргүүлсэн амжилт үзүүлсэн юм.




Мөн Математикийн олон улсын шалгалт буюу SAT амжилттай өгч элсэлтийн шалгалтын 800 оноог 7 сурагч дүйцүүлсэн байна. Эдгээр сурагчид болон хоёр ба түүнээс дээш хичээлээр элсэлтийн шалгалтад 700-гаас дээш оноо авсан сурагчдад онооны үзүүлэлтээс хамааран жил бүр 500.000-3.000.000 сая хүртэлх төгрөгийн сургалтын тэтгэлэг олгодог.




Журмын дагуу өмнөх оны элсэлтийн шалгалтуудад амжилт үзүүлэн, их дээд сургуульдаа амжилттай суралцаж буй хүүхдүүдэд аймгийн Засаг даргын тэтгэлгийг үргэлжлүүлэн олгох юм.

Аймгийн хэмжээнд энэ жил нийт давхардсан тоогоор 3357 шалгуулагч 10 судлагдахуун хичээлээр элсэлтийн шалгалт өгчээ.

 

Холбоотой мэдээ