Хэрлэн гол Багануур дүүрэг орчимд үерийн аюултай түвшинг 10 см давж үерлэх төлөвтэй байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Борооны улмаас Хэрлэн голын усны түвшин Багануур дүүрэг орчимд маргааш 15 см нэмэгдэж, үерийн аюултай түвшинг 10 см давж үерлэх төлөвтэй байна.
Одоогоор Хөвсгөлийн уулсаас эхтэй Эг, Бэлтэс, Шишхэд, Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Туул, Ерөө зүүн хажуугийн Эг, Хурх, Барх, Онон, Хэрлэн, Хангай нурууны арын Орхон гол Сэлэнгэ мөрний дагууд усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-85 см нэмэгдэж, Туул /Босгийн гүүр-Улаанбаатар-Лүн-Заамар/, Хэрлэн /Мөнгөнморьт-Өндөрхаан-Чойбалсан/ гол үерийн түвшинг 10-40 см даваад байна. Үүр голын ус үерийн аюултай түвшнээс 105 см даваад байгаа аж. Амралтын өдрүүдэд орсон борооны улмаас Тэрэлж, Туул голын эхээр усны түвшин 70-120 см огцом нэмэгджээ. Цаашид ч түвшин нэмэгдэхийг ЦУОШГ мэдээлжээ.
Ойрын өдрүүдэд Хэнтийн уулсаар бороо орох төлөвтэй тул гол ус үерлэж байгаа энэ үед хур бороо дахин орсноор
нөхцөл байдал улам хүндрэх магадлалтай.
Иймд ард иргэд, холбогдох
мэргэжлийн байгууллагыг цаг агаарын
мэдээлэл, сэрэмжлүүлэгийг байнга хүлээн авч, аюулгүй байдлаа
хангахыг ОБЕГ анхааруулж байна.