Өнөөдөр нүдний эмч нар ачаалал ихтэй ажиллаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2016-10-11 14:58:39

Дэлхийн хараа хамгаалах өдрийг угтан өнөөдөр нүдний эмч нар 6 дүүргийн эмнэлэгт үнэгүй үзлэг хийж байна.

Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн "Инфинити",  Баянзүрх дүүргийн "Солонго",  Сүхбаатар дүүргийн Улсын Нэгдүгээр төв эмнэлэг,  Чингэлтэй дүүргийн "Болор мэлмий",  Баянгол дүүргийн  "Орбит",  Хан-Уул дүүргийн "Сайт" эмнэлэгт хувийн эмнэлгийн нүдний эмч нар иргэдэд болон чихрийн шижинтэй хүмүүст нүдний торлогийн гэмтэл, нүдний эвэрлэгийн өөрчлөлтийг илрүүлэх үзлэг үнэ төлбөргүй хийж, зөвлөгөө өгч байгаа юм.

Улсын Нэгдүгээр төв эмнэлэг нь нүдний хоёр тасагтай бөгөөд нэг тасаг өдөрт 85 орчим хүнд үйлчилдэг. Тэгвэл нэг тасаг нь өнөөдөр үдээс өмнө 70 орчим, үдээс хойш 80 гаруй нийт 150 орчим иргэнд үйлчлэн бусад өдрийг бодвол хоёр дахин их ачаалалтай ажиллаж байгаа аж. 

Тус тасагт ихэвчлэн 70-аас дээш насныхан болорын цайралт өвчлөлтэй хандаж байгаа бол дундаж насныхан нүдний уг дурандуулж байна. 

Орчин цагт гар утас, компьютер, зурагтын нөлөөллөөс шалтгаалан хүмүүсийн нүдний хараа муудах нь элбэг болсон. Сүүлийн үед эрдэмтэд нүдний хараанд хамгийн түрүүнд битүү байгууламжинд удаан хугацаагаар суух нь нөлөөлдөг гэж үзжээ. Европ, Австрали, Азид хийсэн судалгаагаар задгай агаарт байдаг хүмүүсийн хараа муудах хандлага гэрээсээ гардаггүй хүмүүсийнхтэй харьцуулахад бага байдаг гэнэ. Мөн компьютерын өмнө удаан суух нь хүний нүдний хараа муудах нэг шалтгаан болдог. Иймд нүдээ хамгаалж, хараа муудахаас сэргийлэн хүүхдүүдийг аль болох гадаа тоглуулах, уул ус холын бараа ширтэх, хараа тогтоодог дасгалуудыг байнга хийж сурах хэрэгтэй гэж эмч, мэргэжилтнүүд зөвлөлөө.

Ж.Болор

 

Холбоотой мэдээ