Толгойтын замаас Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэг хүртэлх замыг засна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-07-24 08:38:03

Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт байрладаг Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэг рүү явдаг авто замыг энэ онд багтаан засна.


Тодруулбал, Улаанбаатар хот анх удаа дотоодын зах зээлээс бонд босгож, түүнээсээ 150 тэрбум төгрөгийг хотын гол, туслах замуудыг засаж шинэчлэхэд зарцуулахаар болсон. Энэ хүрээнд дээрх замыг засах юм. Нийт 2.8 км урт уг замыг 2007 онд ашиглалтад оруулж, 2012 онд урсгал засвар хийжээ.


Нийслэлийн Засаг даргын орлогч Л.Хосбаяр,Сонгинохайрхан, Баянгол, Чингэлтэй дүүргийн айл өрх, иргэд, аж ахуйн нэгжүүдийн хог хаягдал 100 хувь, Сүхбаатар дүүргийн айл өрх, иргэд, аж ахуйн нэгжүүдийн хог хаягдлын 50 хувь нь энэ хогийн цэгт төвлөрдөг. Байнга даац их, том оврын авто машинууд зорчдог зам тул яаралтай засаж, шинэчлэх зайлшгүй шаардлагатай”-г тодотгов.


Нийслэлийн Замын хөгжлийн газрын Засвар арчлалтын хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Ганбат, “Замын ажлын зураг төсвийг батлаад, гүйцэтгэгч шалгарсны дараа хог тээврийн байгууллагуудын ажлыг тасалдуулахгүй явуулах оршин суугч, иргэдийн зорчих нөхцөлийг хангах үүднээс түр зам гаргах, хэдий хугацаанд замыг гүйцэтгэж дуусах зэрэг мэдээллийг тухай бүрд нь өгнө” хэмээжээ. 

Холбоотой мэдээ