Сэлбэ, Дунд голын цэвэрлэгээний явцтай танилцлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-07-24 14:50:24

Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Төр хувийн хэвшлийн түншлэлээр 25 аж ахуйн нэгж хамтран нийслэлийн Сэлбэ, Дунд гол дагуу мод бургасыг нүүлгэн шилжүүлэх, лаг хагшаасыг цэвэрлэж байна.


Нийтдээ 370 мянган шоо метр лаг хашаасыг цэвэрлэх ажил одоогоор 80 хувьтай үргэлжилж байгаа. Лаг хагшаасыг цэвэрлэсний дараа даланг өндөрлөж, өргөтгөн, хүчитгэх, Сэлбэ сэргэлт төслийн хүрээнд зарим байршлыг тохижуулах юм.  

БНСУ-ын “Ду Хуа инженеринг” ХК-ийн усны байгууламж хариуцсан дэд захирал Жон Сэ Жин, “Сусон инженеринг” ХК-ийн усны нөөцийн хэлтсийн дарга Бэ Ён Сан нар ажлын явцтай танилцжээ.


“Ду Хуа инженеринг” ХК-ийн усны байгууламж хариуцсан дэд захирал Жон Сэ Жин, “Монголын ард түмэн байгалийн унаган төрх, хэв шинжийг хэвээр нь хадгалж хамгаалдаг гайхалтай соёлтой. Сэлбэ, Дунд голын бургасыг зөөж лаг хагшаас цэвэрлэж байгааг байгалиа сүйтгэлээ гэж шүүмжилж байна. Мэргэжлийн хүний нүдээр одоогийн нөхцөл байдлыг харахад Сэлбэ, Дунд гол доторх бутыг авахаас өөр аргагүй. Сэлбэ, Дунд голд байршдаг эдгээр бургас лагшсан учраас ус нэвтрэх чадамжийг бууруулдаг тул лаг хагшаасыг цэвэрлэж байгаа нь зөв шийдэл. Үерээс урьдчилан сэргийлэх нь чухал уу, модыг хамгаалах нь чухал уу гэдгийг бодох хэрэгтэй. Богино хугацаандаа энэ ажил зөв, харин урт хугацаандаа нарийн судалгаа, тооцоолол гаргаж ажиллах хэрэгтэй” гэжээ.


“Сусон инженеринг” ХК-ийн усны нөөцийн хэлтсийн дарга Бэ Ён Сан, “Сэлбэ, Дунд голын даланг хоёр тийш сунгах нь үерээс урьдчилан сэргийлэх оновчтой шийдэл. БНСУ-д далангаа сунгах боломжгүй үед авто замыг дээшлүүлж ус урсах урсцын өргөнийг нэмдэг. Харамсалтай нь энэ хоёр голын даланг сунгах боломжгүй учир лаг хагшаасыг цэвэрлэж, цаашид мастер төлөвлөгөө боловсруулах хэрэгтэй”-г тэмдэглэв.


“Геодези, усны барилга, байгууламжийн газар” ОНӨААТҮГ-ын Засвар, ашиглалтын албаны дарга Б.Бямбасайхан, “Сэлбэ голын баруун тал Буянгийн зам голын төвшнөөс доогуур учраас үерт хамгийн их өртөхийг хэлж байгаа. Тухайн байршилд түшиц хана хийж дээгүүр замтай байх зураг төсөв хийгээд байгаа”-г мэдээлжээ. 

 

Холбоотой мэдээ