Хувийн компаниуд шинэ автобусыг төлбөртэй ашиглаж, төвлөрсөн мөнгийг парк шинэчлэлд зарцуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-07-26 08:37:22

Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын замын түгжрэлийг багасгах, нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэх, парк шинэчлэлийн хүрээнд 600 автобусыг шинээр худалдан авч, орон нутгийн өмчит, хувийн хэвшлийн байгууллагад “Нийтийн тээврийн хэрэгслийг төлбөртэй ашиглуулах гэрээ” байгуулж, хүлээлгэн өгч байна.


Энэ хүрээнд “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч хувийн хэвшлийн “Эс энд Эй транс” болон “Үнэгтийн уул” ХХК-тай “Нийтийн тээврийн хэрэгслийг төлбөртэй ашиглуулах гэрээ”-г байгууллаа. Дээрх компаниуд 4 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий “Hyundai County” маркийн дунд оврын 15 шинэ автобусыг долоон жилд эргэн төлөх нөхцөлтэй зээлээр авч, нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмж багатай нийслэлийн захын дүүргийн 4 чиглэлд үйлчлэх юм.



“Hyundai County” маркийн дунд оврын 15 автобус дараах чиглэлд үйлчилнэ.

Д1 Шар хад-Ботаник

Ч67Z Нисэх-Морингийн даваа

Д4 СХД 31-р хороо-Хайрханы эцэс 11-р байр

Д8 Товчооны зам 6-р зогсоол-Толгойтын эцэс


Ташрамд дурдахад, энэ онд 12 компани 348 автобусыг долоон жилийн хугацаатай гэрээ байгуулж, төлбөртэй ашиглаж байна. Гэрээнд заасан эргэн төлөлтийг “Нийтийн тээвэр хөгжүүлэх сан”-д төвлөрүүлж байгаа. Уг санг хөрөнгөжүүлэх замаар дараагийн парк шинэчлэлийг хийх боломж бүрдүүлэхээр ажиллаж байна. Одоогоор өмнө байгуулсан 10 аж ахуйн нэгж байгууллагатай хийсэн гэрээний дагуу тус санд 7 тэрбум төгрөг хуримтлагдаад байгааг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээллээ. 



Холбоотой мэдээ