АНУ-ын Сенатын гишүүн, бизнес судалгааны байгууллагын төлөөлөлтэй уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
oyundelger@montsame.gov.mn
2024-07-27 14:59:21

Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-д хийж буй айлчлалынхаа хүрээнд Конгрессын Сенатын танхимын гишүүн Пит Рикеттстэй уулзлаа.


Уулзалтаар Монгол УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн дүн, шинээр байгуулсан Засгийн газрын үйл ажиллагаа, зорилтыг танилцуулж, энэ хүрээнд Монгол Улс, АНУ-ын стратегийн гуравдагч хөршийн түншлэлийг гүнзгийрүүлэх, тэр дундаа эдийн засаг, хөдөө аж ахуй, харилцаа холбооны аюулгүй байдал зэрэг салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэхийг чухалчлав.

Сенатын гишүүн П.Рикеттс олон жилийн өмнө Монголд зочилж байснаа дурсаад, Ази тив дэх АНУ-ын чухал түнш Монгол Улстай харилцаа, хамтын ажиллагааг цаашид улам бататган бэхжүүлэхэд чиглэгдсэн аливаа асуудлыг дэмжихээ илэрхийлжээ.


Түүнчлэн Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-ын хөрөнгө оруулагч, бизнес, судалгааны байгууллагын төлөөлөлтэй уулзаж, хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй зарим төсөл, үйл ажиллагааны талаар ярилцав.


Талууд цаашид цэвэр эрчим хүч, хөдөө аж ахуй, боловсрол, байгаль орчин зэрэг салбарт Америкийн хөрөнгө оруулалтыг нэмэх, Монголын экспортын бүтээгдэхүүнийг төрөлжүүлэх, бараа бүтээгдэхүүнийг Америкийн зах зээлд таниулахын чухлыг онцолж, судалгааны байгууллага хоорондын хамтын ажиллагааны талаар санал солилцсоныг ГХЯ мэдээлжээ. 

Холбоотой мэдээ