Итгэмжлэх жуух бичгийн хуулбарыг хүлээн авав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
oyundelger@montsame.gov.mn
2024-07-27 15:04:43

Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Мөнхтүшиг АНЭУ-аас Монгол Улсад суух Элчин сайд Мухаммад Султан Мухаммад Гартаси Аль-Нуамиг хүлээн авч уулзан, итгэмжлэх жуух бичгийн хуулбарыг нь хүлээн авлаа.


Уулзалтын эхэнд ТНБД-ын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Мөнхтүшиг Элчин сайдын үүрэгт ажилдаа албан ёсоор орж байгаад нь баяр хүргээд, АНЭУ-ын Засгийн газар Улаанбаатар хотод Элчин сайдын яамаа сэргээн ажиллуулахаар шийдсэнд талархал илэрхийлэв. Мөн сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж буй хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг боломжит бүх салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө Элчин сайдтай хамтран ажиллахад бэлэн гэдгээ мэдэгдлээ.


Элчин сайд Мухаммад Аль-Нуами Монгол Улсад Элчин сайдаар томилогдон ирж буйдаа баяртай байгаагаа илэрхийлээд, хоёр улсын хооронд дээд, өндөр түвшний айлчлал хэрэгжүүлэх, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд онцгой анхаарч, бүхий л хүчин чармайлтаа гарган ажиллахаа илэрхийлснийг ГХЯ мэдээлжээ. 

Холбоотой мэдээ