Хотуудын дарга нарын форум төр, хувийн хэвшлийн түншлэлд төвлөрч байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Зүүн Хойд Азийн хотын дарга нарын VI чуулга уулзалт “Шангри-Ла” зочид буудалд өнөөдөр эхэллээ.
Зургаа дахь удаагийн энэхүү чуулга уулзалт нь “Тогтвортой эдийн засгийн хөгжил төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагаа” сэдвээр төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудал дээр төвлөрч байна. Энэ нь талууд хотуудын хөгжлийн талаар, бүтээн байгуулалтын талаар харилцан санал солилцох боломжийг олгож буйд таатай байна гэдгийг БНХАУ-ын нийслэл Бээжин хот болон БНСУ-ын нийслэл Сөүл хотын дарга нар форумын нээлтэд хэлсэн үгэндээ илэрхийллээ.
2014 оноос хоёр жил
тутамд зохион байгуулж ирсэн Хотуудын дарга нарын форум нь бүс нутгийн хамтын
ажиллагааны гол талбар болж байгааг чуулга уулзалтад оролцож буй хотуудын дарга
нар онцолж, энэ нь тогтвортой хөгжлийн суурь болно гэдэгтэй санал нэг байгаагаа хэлж байна.
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын удирдлага форумд Шинэ Хархорум хотын ерөнхий төлөвлөгөөний олон улсын сонгон шалгаруулалт болон “Улаанбаатар метро” төслийг танилцууллаа.
Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар
нээлтэд хэлсэн үгэндээ, “Нийслэл Улаанбаатар хотын ирэх дөрвөн жил их бүтээн
байгуулалт, үсрэнгүй хөгжил, цэцэглэлтийн жилүүд байх болно” гээд Улаанбаатар
хот цоо шинэ тэсрэлт хийх бэлтгэл ажлыг хангаж, хотын удирдлага богино
хугацаанд нийт 60 гаруй хуулийн төслийг санаачлан, боловсруулж, Монгол Улсын Их
Хурлаар батлууллаа. Нэн түрүүнд хөгжлийн саад, түгжээ болоод байсан хууль, эрх
зүйн орчноо сайжруулж, үүнийгээ дагаад эдийн засгийн таатай орчин бий болох
нөхцөлийг бүрдүүлээд байгааг дурдав.
Тэрбээр, Зүүн Хойд Азийн орнуудад хотжилт, эдийн засгийн өсөлт хурдацтай явагдаж байгаа хэдий ч энэхүү ахиц дэвшил нь байгаль орчин, нийгмийн томоохон сорилтуудыг дагуулсаар байна. Тогтвортой хөгжил нь эдгээр сорилтыг даван туулах, хот суурин газрын урт хугацааны хөгжил цэцэглэлт, амьдралын чанарыг хангахад нэн чухал юм гэдгийг онцоллоо.
Чуулга уулзалтын эхний өдөр ОХУ-ын Санкт-Петербург хотын Засгийн газрын тээврийн хорооны дарга Ё.В.Кемилевич "Дэд бүтэц, тээврийн салбарын хөгжилд төр-хувийн хэвшлийн түншлэлийг дэмжиж, үр дүнтэй хэрэгжүүлэх" нь сэдвээр илтгэл тавилаа. Тэрээр илтгэлдээ хуучнаар Леинград хотод барьж байгуулсан метроны бүтээн байгуулалт, одоогийн шинэчлэл, магистраль замын талаар жишээ татаж байв.
Тэгвэл БНСУ-ын Сөүл хотын захиргааны тээврийн бодлогын хэлтсийн дарга Ли Жин Гу мөн "Төр-хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд Сөүл хотын тогтвортой тээврийг хөгжүүлж байгаа нь" сэдвээр тавьсан илтгэлдээ Сөүл хотын нийтийн тээврийн хөдөлгөөний хуваарилалтын талаар танилцууллаа.