Монголын багийн медалийн буухиаг таслаагүй жүдочид эх орондоо ирлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУУлаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Таван тивийн 206 орны шилдгүүд цугларсан зуны Олимпын наадам талдаа орлоо.
Манай улс энэ удаа спортын есөн төрөлд 32 тамирчин илгээсэн. Одоогоор зургаан төрөл нь дуусаж, тамирчид эхнээсээ эх орондоо ирэв. Эхний найман өдрийн дараа нэг мөнгөн медальтай яваа бөгөөд медалийн буухиаг чөлөөт бөх, хүндийг өргөлт, хөнгөн атлетикийнхан үргэлжлүүлэх даалгавартайгаар “Олимпын хотхон”-доо үлдлээ. Тэгвэл жүдо, бокс, усанд сэлэлтийнхэн өнөөдөр өглөө эх орондоо ирлээ. Монголын баг тамирчидтай холбоотой мэдээллийг тоймлон хүргэе.
Жүдочид 16 дугаар байрт шалгарав
Жүдо бөхийн шигшээгийнхэн Олимпоос медаль авдаг уламжлалаа тасалсангүй. Энэ удаа тэд 2-3 медаль авах зорилготой, боломжтой байсан ч үүнд хараахан хүрч чадсангүй. Б.Баасанхүү мөнгөн медаль хүртэж, одоогоор Монголын багийн цор ганц медалийг аваад байна. Түүнийг өнөөдөр өглөө эх орондоо ирэхэд нь аав, ээж, ачит багшаас нь гадна жүдогийн төлөөлөл, ШШГЕГ-ын газрын удирдлагууд болон “Сүлд” спорт хорооныхон, элгэн садан нь онгоцны буудалд тосон авлаа. Монголын жүдочид нэг мөнгө, гурван шагналт VII байрт шалгарсан амжилтаар 16 дугаарт жагсав. Олимпын наадмын жүдогийн тэмцээнд 122 орны 378 тамирчин өрсөлдсөнөөс 26 орон медаль хүртжээ.
Буудлагынхан
медаль хүртээгүй ч түүхэн амжилттай
Олимпын наадмын буудлагын төрөлд энэ удаа хоёр эрэгтэй, нэг эмэгтэй тамирчин эрх авч оролцлоо. Гурван тамирчны хоёр нь урт бууных. Хамгийн сүүлд урт бууны дасгалд эрэгтэй тамирчин Олимпод оролцсон нь 2012 он юм. Тус Олимпод урт буучдаас Н.Баяраа галын шугамд зогсож байлаа. Тэгвэл 12 жилийн дараа урт бууны төрөлд эрэгтэй тамирчин өрсөлдсөн нь өнөөх л Н.Баяраа байв. Ингэхээр тэр өнөө цагийн хамгийн шилдэг урт бууны эрэгтэй тамирчин гэдэгтэй маргахгүй биз. Буудлагын дасгалд Олимпын эрх авна гэдэг амар биш. Харин тэр чадлаа. 12 жилийн дараа оролцсон наадамдаа боломжийн амжилт гаргав.
Харин урт бууны эмэгтэй тамирчин О.Есүгэн, гар бууны эрэгтэй тамирчин Э.Даваахүү нар Монголын буудлагын спортын түүхэнд анхдагч амжилтын эзэн боллоо. Эмэгтэйчүүд 2004 оны Сиднейн Олимпоос урт бууны дасгалд өрсөлдөж эхэлсэн. Харин О.Есүгэн урт бууны дасгалд финалдсан анхны эмэгтэй мэргэн бууч болов. Түүнд медаль хүртэх ч боломж байсан. Энэ талаар О.Есүгэн ярихдаа, “Маш их туршлага боллоо. Олимпоос медаль хүртэх боломжтой юм байна гэдгийг ойлгосон. Цаашид улам хичээх болно” гэв. Тэгвэл гар бууны дасгалд эмэгтэйчүүд эрхээ авч чадаагүй нь харамсалтай. Монголын эмэгтэйчүүд гар бууны дасгалд хамгийн өндөр амжилт үзүүлдэг уламжлалтай ч энэ удаагийн Олимпыг өнжив.
Монголоос 16
хүн Team Officials буюу албаны мандат авчээ
Олимпын наадмын мандат буюу Olympic Identity and Accreditation Card нь ОУОХ-оос батлагдсан тусгай журмын хүрээнд олгодог, наадамд оролцогчдын хамгийн том бичиг баримт юм. Ингэхдээ тухайн улсаас эрх авсан тамирчдын тоотой уялдуулан албаны хүмүүсийн эрхийг олгодог аж. Тухайн улсын албаны хүмүүст ноогдох мандатын тоо нь нийт эрх авсан тамирчдын 50 хувтай тэнцүү байдаг. Энэ зарчмын дагуу Монгол Улсаас 32 тамирчин эрх авч оролцож буй тул нийт 16 албаны хүн буюу Team Officials мандат олгогдсон гэсэн үг юм. Үүнд МҮОХ-ны штабын ажилчид, шигшээ багийн дасгалжуулагчид, эмч, хөдөлгөөн засалч зэрэг бүх албан хаагч хамаарна. Олимпын эрх авсан спорт холбоод нь дээрх журмыг үндэслэн нийт тамирчдын тооны 50 хувьд багтаан албаны хүмүүсийн жагсаалтаа гаргаж, мандатаа захиалдаг байна. Зарим спорт нь жингийн ялгаатай, мөн олон өдрийн турш үргэлжилдэг бол албаны хүмүүсийн мандатыг солигддог (transferable) байдлаар зохицуулдаг. Үүнтэй уялдуулан жүдо, чөлөөт бөх зэрэг спортын дасгалжуулагч, албаны төлөөлөгчдийн мандатыг төлөвлөжээ.
МҮОХ нь Олимпын
наадамд шигшээ багаа зохион байгуулж, оролцуулах үндсэн чиг үүрэгтэй. Энэ
хүрээнд тэргүүн дэд ерөнхийлөгч (багийн ахлагч) болон ерөнхий нарийн бичгийн
даргаар удирдуулсан таван хүн төв штабт ажиллаж байгааг албаныхан онцлов. Түүнчлэн
Монголын шигшээ багт Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвөөс эмч
М.Булган, физиотерапист буюу хөдөлгөөн засалч Ч.Туул нар ажиллаж байна. Мөн
боксын шигшээ багийн бүрэлдэхүүнд Монгол Улсын гавьяат эмч Ч.Насанбат багтсан.
Үүнээс гадна БТСУХ-ны гурван төлөөлөгч шигшээ багийн үйл ажиллагааг зохион
байгуулах, хяналт тавих чиг үүргийн хүрээнд тамирчдын тосгонд ажиллаж байгаа
аж.
“NOC Guest” буюу МҮОХ-ны зочны мандат манай улсад хоёр ширхэг оногдсон бөгөөд МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүд Олимпын наадмын туршид гурав хуваагдан уг мандатыг эзэмшин, ажил үүргээ гүйцэтгэж байна.
Өнөөдөр
монголчууд...
Олимпын наадамд оролцож буй Монголын багаас өнөөдөр дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт Э.Дэлгэрмаа дэвжээнд гарна. Тэрбээр чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 68 кг-д өрсөлддөг бөгөөд чөлөөтийнхний тэмцээн үүгээр эхэлж байгаа юм. Түүний хувьд эхний тойрогтоо Киргизстаны Мээрим Жуманазароватай учраа таарав. Мээрим Токиогийн Олимпоос хүрэл медаль авч, 2020 онд дэлхийн аварга болж байжээ. Токиогийн Олимпоос медаль авахдаа Монголын шилдэг тамирчин С.Батцэцэгийг 10:1-ээр ялсан түүхтэй. Хожим Улаанбаатар хотноо болсон ААШТ-нд хоёр тамирчин барилдахад Мээрим манай тамирчныг ялж байлаа. Хэрэв манай тамирчин Киргизийн бөхийг ялбал дэлхийн хошой аварга Озаки болон Венесуэлийн Карабалло нарын ялсантай нь барилдах юм.
Сонгомол болон чөлөөт бөхийн тэмцээнд 61 орны 291 бөх 18 багц медалийн төлөө өрсөлдөнө. Чөлөөт бөх нь “Парис-1900” наадмаас эхлэн албан ёсны төрлүүдийн нэг болсон юм. Харин манай улс 1964 оны Токиогийн Олимпын наадамд анхлан өрсөлдөж өнөөдрийг хүртэл Олимпоос дөрвөн мөнгө, зургаан хүрэл медаль хүртээд байна. Чөлөөт бөхийн барилдаан Улаанбаатарын цагаар 21:00 цагаас эхэлнэ.
Монголын баг
55 дугаарт жагсаж байна
Зуны спортын XXXIII наадамд оролцож буй 206 орны багаас 70 улсын тамирчид медаль хүртжээ. Манай улс нэг мөнгөн медальтайгаар 55 дугаарт жагсаж байна. Тэгвэл АНУ 19 алт бүхий 71 медальтайгаар тэргүүлж байгаа бол БНХАУ 19 алт, 15 мөнгө, 11 хүрэл медальтай нэхэж явна. Харин зохион байгуулагч орон медалийн тоо болон чанараар гуравдугаар байрт эрэмбэлэгдэж байна. Тэд Олимп эхлэхийн өмнө дээрх зорилтыг тавьсан байсан бөгөөд одоогоор 12 алт, 14 мөнгө, 18 хүрэл медаль авчээ. Австрали, Их Британи айргийн тавд багтаж байна.
Олимпын наадамд 10-аас дээш медаль авсан 12
орон бий. 12 дахь орон нь Бразил бөгөөд тэд нэг алт, дөрвөн мөнгө, таван
хүрэлтэй. Америкчууд 19 алтан медалийнхаа наймыг нь зөвхөн усанд сэлэлтээр
авсан бол Солонгосын баг 10 алтынхаа тавыг нь байт харваанаас авчээ.