Никкейн уналт 1987 оны “хар даваа гараг”-ийнхаас давав
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГТОКИО, 2024 оны наймдугаар сарын 5.
/ТАСС/. Японы томоохон 225 компанийн хувьцааны ханшны хэлбэлзлийг тусгаж байдаг
Токиогийн хөрөнгийн биржийн Nikkei индекс өнөөдрийн арилжааны явцад 11,8 хувиар
уналаа. Энэ нь АНУ-д хямрал нүүрлэж болзошгүй, доллартой харьцах иений ханш чангарч магадгүй хэмээн хөрөнгө оруулагчид болгоомжилж эхэлснээс үүдэлтэй
ажээ.
Токиогийн цагаар 14:27 цагийн үед
уг индекс 11,81 хувиар буюу 4000
нэгжээр унаж, 31 667,65 нэгж болжээ. Энэ нь 1987 оны “хар даваа гараг”-т Никкей
индекс 3 836,33 нэгжээр унаж байснаас давсан үзүүлэлт юм. Үүнийг дагаад Японы автомашин үйлдвэрлэгч
компаниудын хувьцааны ханш 9-13 хувиар буурлаа. Тухайлбал, Toyota Motor компанийнх
11,31%-иар, Honda Motor - 11,89%, Mitsubishi Motors - 9,61%, Nissan Motor -
10,29%, Suzuki Motor - 12,43%-иар тус тус унасан байна.
Японы шинжээчдийн үзэж
байгаагаар, Азид хамгийн томд тооцогдох Токиогийн биржид гарсан уналт нь юуны түрүүнд АНУ-д хямрал дэгдэж болзошгүй
гэсэн болгоомжлолоос үүдэлтэй ажээ. Учир нь, энэ сарын 2-нд гаргасан тус улсын
хөдөлмөрийн зах зээлийн статистик тоон
үзүүлэлтүүд таамаглаж байснаас доогуур байв.
Японы Сайд нарын танхимын ерөнхий
нарийн бичгийн дарга Ёшимаса Хаяши мэдэгдэхдээ, хувьцааны ханшийг зах зээл
тодорхойлдог тул биржэд үүссэн нөхцөл байдлын талаар засгийн газар тайлбар хийхгүй, гэхдээ байдлыг анхааралтай ажиглаж байна гэлээ.
Никкей индекс унасны өөр нэг шалтгаан бол иений ханш чангарсны улмаас томоохон экспортлогч компаниудын ашиг буурсан явдал юм. Даваа гарагийн байдлаар нэг доллар 143,85 иентэй тэнцэж байгаа нь 1 дүгээр сараас хойших хамгийн доогуур үзүүлэлт юм.