Филиппиний Засгийн газар гамшгийн эрсдэлийг бууруулахад зориулж хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Бүгд Найрамдах Филиппин Улсын Гадаад хэргийн сайд Энрике Манало манай улсад айлчилж байна.
Тэгвэл хоёр орны Гадаад харилцааны сайд өнөөдөр албан ёсны хэлэлцээ хийв. Хэлэлцээний эхэнд Б.Батцэцэг сайд хоёр улс 1973 онд дипломат харилцаа тогтоосноос хойших хугацаанд Филиппин улсаас манай улсад дээд, өндөр түвшинд хэрэгжүүлж буй анхны албан ёсны айлчлал болж буйг онцолж, Монгол Улс Зүүн өмнөд Ази дахь чухал түнш, АСЕАН-ы нөлөө бүхий гишүүн Филиппин улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаандаа чухал ач холбогдол өгдгийг тэмдэглэлээ.
Талууд Монгол, Филиппиний найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, шинэ агуулгаар баяжуулах, улс төрийн яриа хэлэлцээний давтамжийг нэмэгдүүлэх, харилцан итгэлцлийг бэхжүүлэх, иргэд хоорондын хэлхээ холбоог бататгахын төлөө буйгаа нотолж, хоёр талын болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй санал солилцсон юм. Хэлэлцээний үеэр Филиппиний Засгийн газраас гамшгийн эрсдэлийг бууруулах, даван туулахад зориулж манай улсад хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр шийдвэрлэснийг мэдэгдэв. Үүний хариуд Монголын тал талархал илэрхийлж, цаашид уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, гамшгийн эрсдэлийг бууруулах, даван туулах, тэсвэрлэх чадвартай нийгмийг цогцлооход нягт хамтран ажиллахаар тогтов.
Түүнчлэн Гадаад харилцааны сайд нар цаашид бүхий л салбарт бодит хамтын ажиллагааг хөгжүүлж, боловсрол, соёл, спорт, эрүүл мэнд, мэдээллийн технологи, хөдөлмөр, нийгмийн халамж зэрэг салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр санал нэгджээ.
Энэ хүрээнд Монгол Улсын хөдөө, орон нутгийн ерөнхий боловсролын болон их, дээд сургуулийн англи хэлний багш нарыг бүсчилсэн байдлаар бэлтгэх, чадавхыг бэхжүүлэх, багш солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр Филиппиний талтай хамтрахаар болжээ.
Мөн нийгмийн халамж, хөдөлмөр эрхлэлтийн хамтын ажиллагааны эрх зүйн үндсийг бүрдүүлэх, түүний дотор нийгмийн асрамж, үйлчилгээний салбарт хамтран ажиллах, Филиппинээс боловсрол, аялал жуулчлал, үйлчилгээ зэрэг салбарт ажиллах хүч авах чиглэлд хамтран ажиллахаар ярьж тохиролцож, ойрын хугацаанд баримт бичгийн төсөл солилцохоор болсон байна. Монгол Улсын Засгийн газар 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан “Бүсчилсэн хөгжлийн бодлого”-ыг тууштай бөгөөд амжилттай хэрэгжүүлж буй Филиппинээс туршлага судалж, хамтарна.
Үүнээс гадна эрүүл мэндийн салбар дахь хоёр талын хамтын ажиллагааг идэвхжүүлж, монгол эмч, мэргэжилтнүүдийг Филиппинд богино, дунд хугацаагаар мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулах, чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллахад Филипинний тал бэлэн буйгаа илэрхийллээ.
Талууд НҮБ болон бусад олон улсын байгууллагын хүрээнд харилцан
бие биеэ дэмжин идэвхтэй хамтран ажиллаж ирсэн бөгөөд бүс нутаг, олон улсын
тавцан дахь хамтын ажиллагаагаа улам бүр бэхжүүлэхийн төлөө буйгаа илэрхийлж,
Монгол Улс АСЕАН-тай хэсэгчилсэн яриа хэлэлцээний түнш, хөгжлийн түнш, хэтдээ
яриа хэлэлцээний түнш болох зорилтын хүрээнд Филиппинээс үргэлжлүүлэн дэмжлэг авахаар санал солилцсон байна.