Э.Дэлгэрмаа дагаж, Д.Отгонжаргал Италийн бөхтэй эхний тойрогт барилдлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Олимпоос медаль авах монголчуудын найдвар болсон чөлөөт бөхийн тэмцээн өчигдөр эмэгтэйчүүдийн 68 кг-ын жингийн барилдаанаар эхэллээ.
Энэ жинд манай улсаас дэлхийн аваргын мөнгөн медальт Э.Дэлгэрмаа барилдсан бөгөөд эхний тойрогт Киргизстаны шилдэг бөх, Олимпын хүрэл медальт, дэлхийн аварга Мээрим Жуманазаротой барилдав. Эхний гурван минутад манай тамирчин гурван оноо авсан ч дараагийн гурван минутад Мээримд найман оноо алдсанаар ялагдлаа.
Улмаар Киргизийн бөх дэлхийн хошой аварга, Японы Озаки, Олимпын мөнгөн медальт, Африкийн 13 удаагийн аварга, Африкийн наадмын гурван удаагийн аварга бөх Оборудуду нарыг цувруулан ялснаар финалд үлдэж, “Токио-2020”-оос авсан хүрэл медалийнхаа өнгийг хувиргах нь тодорхой болов.
Харин Мээрим финалд шалгарсан учраас манай бөх Э.Дэлгэрмаа өнөөдөр дагахаар болж байна. Тэр дагах барилдаанд дэлхийн хошой аварга, Японы бөх Озэкитай таарлаа. Уг барилдаан Улаанбаатарын цагаар 17:00 цагт эхэлнэ. Түүнийг ялбал шөнийн 00:15 цагаас Нигерийн бөх Оборудудутай хүрэл медалийн төлөө өрсөлдөх юм.
Тэгвэл эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой мөнгө, 2021 оны ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин Д.Отгонжаргал өнөөдөр дэвжээнд гарна. Монголын гол найдваруудын нэг болсон тэрбээр эхлээд 2023 оны Европын аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт Италийн Эмануэла Лиуцитай барилдахаар сугалаа таарлаа.
Ялбал Олимпын хошой мөнгө, хүрэл, ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт, Азербайжаны шилдэг бөх Мария Стадник, Германы Анастасия Блайвас нарын ялсантай нь шөвгийн наймд барилдах юм.