Нам эвслүүд сонгуульд оролцох хүсэлтээ энэ сарын 12-ноос өмнө хүргүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ нам эвслүүд энэ сарын 12-ны өдрөөс өмнө тухайн шатны сонгуулийн хороонд хүргүүлнэ гэж СЕХ-ноос мэдээллээ.
Аймаг, сум, нийслэл, дүүрэг дэх нам эвслийн салбарууд орон нутгийн Хурлын сонгуульд оролцох тухай хүсэлтээ санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө тухайн шатны сонгуулийн хороонд хүргүүлэхээр хуульчилсан юм. Тухайн шатны сонгуулийн хороо баримт бичгийг нягтлан шалгаж, тав хоногт багтаан нам эвслийг бүртгэх эсэх шийдвэрээ гаргана.
Улмаар орон нутгийн Хурлын сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам эвсэл болон бие даан нэр дэвшүүлэгчид энэ сарын 27-ноос ирэх сарын 2-ныг дуусталх хугацаанд нэр дэвшүүлэх ажиллагааг явуулах юм.