Өнөөдөр Монголын гурван бөх дэвжээнд гарна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Зуны спортын XXXIII наадам 12 дахь өдрөө үргэлжилж байна.
Энэ өдрүүдэд манай чөлөөт бөхийн тамирчид Олимпын тэмцээндээ өрсөлдөж байгаа юм. Өчигдөр шөнө эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд гавьяат тамирчин Д.Отгонжаргал хүрэл медалийн төлөө барилдаж ялагдлаа. Тэрбээр Хятадын Фэн Зичид 4:6-гаар дийлдэв. Өмнө нь хоёр бөх хоорондоо хоёр таарахад манай тамирчин ялагдаж байсан бөгөөд энэ удаад Олимпын дэвжээнд мөн дийлсэнгүй.
Тэгвэл өнөөдөр манай гурван бөх барилдах хуваарьтай байна. Тодруулбал, эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Б.Хулан дагах барилдаантай. Түүний өрсөлдөгч нь АНУ-ын тамирчин, дэлхийн аварга Доминик Парриш. Хоёр тамирчин 2022 оны ДАШТ-д хоорондоо таарч, манай бөх ялагдаж байв. Б.Хулан түүнээс Олимпын дэвжээнд даагаа нэхэх нь ээ. Барилдаан Улаанбаатарын цагаар 17:00 цагт эхэлнэ. Ялбал “Токио-2020” наадмын мөнгөн медальт Хятадын Пан Чианютай 00:15 цагаас хүрэл медалийн төлөө барилдана.
Мөн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Б.Хонгорзул Хятадын бөх Кешин Хунтай эхний тойрогт таарлаа. Ялбал Нигер, Алжирын дийлсэнтэй барилдахаар сугалаа татав.
Харин эрэгтэйчүүдийн 86 кг-д олон улсын хэмжээний мастер Б.Бат-Эрдэнэ ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Азербайжаны бөх Осман Нурмагомедовтой барилдана. Ялсан тохиолдолд Сан Марино, Украйны бөхчүүдийн дийлсэнтэй нь хоёрдугаар тойрогт таарна. Дээрх хоёр жингийн хэсгийн барилдаан Улаанбаатарын цагаар 18:00 цагт эхэлнэ.