Киргиз улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүнээр сонгогдоход дэмжлэг үзүүлэхийг хүсчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.adiyakhuu@montsame.gov.mn
2024-08-09 16:12:41

АСТАНА, 2024 оны наймдугаар сарын 9. /ТАСС/. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүнд Киргиз улс нэрээ дэвшүүлж буйг дэмжихийг тус улсын Ерөнхийлөгч Садыр Жапаров Төв Азийн бүс нутгийн улсуудад хандан уриаллаа. Тэрбээр Казахстаны нийслэл Астана хотод болж буй Төв Азийн орнуудын төрийн тэргүүн нарын 6 дугаар зөвлөлдөх уулзалтад оролцох үеэрээ ийнхүү мэдэгджээ.  


“Киргиз улс 2027-2028 оны хугацаанд НҮБ-ын Аюулгүй Зөвлөлийн байнгын бус гишүүнээр сонгогдохоор нэрээ дэвшүүлж байгааг Ерөнхийлөгч С.Жапаров сануулаад, 2026 оны зургаадугаар сард болох НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 80 дугаар чуулганы үеэр явагдах сонгуулийн явцад манай улсыг дэмжихийг уриаллаа” гэж Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба мэдээлжээ.


Киргизийн төрийн тэргүүн хэлэхдээ, Төв Азийн улс орнуудын хамтын ажиллагаа, нэгдэл нягтралыг бэхжүүлэх нь чухал гэдгийг онцлон тэмдэглэсэн байна.


“НҮБ-ын дүрэмд тусгасан олон улсын эрхзүйн хэм хэмжээ, зарчмуудыг ягштал сахин мөрдөх хэрэгтэй гэдэг дээр бид санал нэгтэй байна. Орчин үеийн дэлхий ертөнцөд бий болсон бүхий л санал зөрөлдөөнийг хэлэлцээний ширээний ард сууж, энхийн замаар шийдвэрлэж байх ёстой. Киргиз улсын хувьд, Афганистанд энх тайван, тогтвортой байдлыг бий болгох нь бүс нутгийн аюулгүй байдлын тогтолцоон дахь хамгийн гол нөхцлүүдийн нэг мөн” гэж С.Жапаров хэллээ. 

Холбоотой мэдээ