Баярлаж бахдам, бас харамсаж халаглам өдрүүд...

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-08-09 17:43:20

Улаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Зуны спортын XXXIII наадам өндөрлөхөд ердөө хоёрхон хоног үлджээ.


Тэмцээн уралдаанууд эхнээсээ шувтарч, медальтнууд тодорсоор... Энэ өдрүүдэд чөлөөт бөх, хүндийг өргөлт, сагсан бөмбөг, волейбол, гандбол, гимнастик, усан спорт, бокс, ширээний теннис, хөлбөмбөг, каноэ, элсний волейбол, спорт авиралт, брейк бүжиг гэх мэт төрлийн медалийн төлөөх тэмцээн үргэлжилж байна. Манай улсаас чөлөөт бөхийн дөрөв, хөнгөн атлетикийн гурав, хүндийг өргөлтийн нэг тамирчин үлдлээ. Монголчууд тамирчдадаа өдөр бүр найдсаар... Б.Баасанхүүг мөнгөн медаль авснаас хойш Монголын ард түмэн тамирчдаа өдөр бүр харуулдаж, тамирчид ч боломжоо алдсаар 14 өдрийг ардаа орхив. Монголын тамирчид бөхийн төрлөөр хамгийн багадаа 3-4 медаль зүүх боломж байлаа. Харамсалтай нь, өөрсдийн жижигхэн алдаанаас үүдэн медалийн оосроос атгаад алдаж буй дүр төрхийг бид хэд хэдэн удаа харав. Харамсмаар, халагламаар... Монголын баг тамирчид, бүрэлдэхүүнтэй холбоотой ээлжит мэдээллээ багцлан хүргэе.


Mongolia house” Парист од болж байна

Парисын Олимпод монголчууд зөвхөн тамирчдынхаа уралдааныг үзэх гэж очсонгүй. Буурал тивд тархан суурьшсан элэг нэгтнүүд Монголын үндэсний олимпын хорооноос санаачлан хэрэгжүүлж буй “Mongolia house хотхоноор зочлон аав, ээж, үр, хүүхэд, садан төрөл, эх орноо санагалзсан сэтгэлээ тайвшруулж, элгээ дэвтээж байна. Эх орондоо очсон мэт сэтгэгдэл төрүүлж буй “Mongolia house” хөл хөдөлгөөн ихтэй байгаа аж. Зөвхөн монгол гэлтгүй гадаадын томоохон зочид төлөөлөгчдөөс гадна иргэд ихээр сонирхох болжээ. Парис хотод үйл ажиллагаа явуулж буй 15 орны хотхоноос хамгийн их хөл хөдөлгөөнтэй нь манай “Mongolia house” болсон байна. Энэхүү хотхонд ажлын өдрүүдэд, дунджаар 3000-4000 хүн зочилдог бол амралтын хоёр өдөр 5000-7000 хүн саатаж байгааг төсөл санаачлагчид нь ярилаа. Ингэхээр “Mongolia house” нээлтээ хийснээс хойш 12 хоногт, багаар бодоход 60 мянга гаруй хүн зочилж, монгол соёл, ахуйтай танилцсан байна. Энэ нь гадаад улсад эх орноо сурталчилж буй томоохон үйл ажиллагаа боллоо гэсэн үг. Олимп гэдэг зөвхөн спортын наадам бус дэлхийн улсуудыг нэгэн дээвэр дор нэгтгэх, эв нэгдлийг бэхжүүлэх ид шидтэй билээ.


Тиймдээ ч үндсэн тэмцээнээс гадна соёлын наадам, хөгжөөн дэмжигчдийн бүс, олон нийтийн оролцооны хөтөлбөрүүд тэргүүтэй үйл ажиллагаанууд зохион байгуулагддаг юм. Дэлхийн 200 гаруй улсын жуулчдад нүүдэлчин ахуй өв соёлоо таниулан сурталчилж буй “Mongolia house” өдөр бүрийн 11:00-22:00 цаг хүртэл 6-7 удаагийн нэгдсэн хөтөлбөрийг зохион байгуулж байна. Үндэсний бөх, сур, шагайн харваа, уран бийрийн бичлэг, Хөсөгтөн хамтлагийн дуу, ардын бүжиг, уртын дуу, бий биелгээ, уран нугаралтын үзүүлбэрийг жуулчид гайхан биширч, сонирхон хүлээн авч байна. Гаднын жуулчдад хамгийн их таалагдаж, сонирхлыг нь татаж байгаа зүйл бол сур болон шагайн харваа, үндэсний хамтлагийн тоглолт, монгол зоог гэнэ.










Олимп ба мандат

Сүүлийн үед цахим ертөнцөд хоолзүйч, сэтгэлзүйч, албаны хүмүүсийн мандатын квоттой холбоотой шүүмжлэл тасрахгүй байна. Гол шүүмжлэл нь мандатын тоонд бус албаны гэх тодотголын дор яваа өндөр албан тушаалтнууд, түүний гэр бүлийнхэн хоолзүйч, сэтгэлзүйчээ Монголдоо үлдээж, тэдний мандатаар Парист зугаалж явна гэдэгт оршиж байгаа юм. Нарийн ухаад үзвэл бас тийм биш аж. Үүнийг тайлбарлаж бичвэл зай, талбай их орно. Магадгүй ойлгох хүмүүс нь ойлгоно. Ойлгохгүй нь улам сөргөөр хүлээж авах магадлалтай. Манай улсаас 32 тамирчин эрх авсан. Үүний 50 хувьд нь дүйцэхүйц тооны мандатыг ОУОХ-ноос олгодог аж. Тэгэхээр тамирчнаас гадна 16 хүн албаны мандат зүүнэ гэсэн үг. Үүнээс заримыг солигддог байдлаар зохицуулжээ.


Энгийнээр тайлбарлах гэж оролдъё. Дасгалжуулагч Б, эсвэл штабын ажилтан Ц солигддог мандатыг зүүж Олимпын тосгон болон тэмцээн уралдаан болж буй ордон руу нэвтрэх боломжтой. Тав хоногийн дараа тэдний мандатыг хураан авч, дасгалжуулагч О-д шилжүүлэх байдлаар зохицуулалт хийжээ. Дасгалжуулагч Б солигддог мандатаар Олимпын бүсэд нэвтэрсэн тохиолдолд О-д ямар ч боломжгүй гэсэн үг. Яг ийм байдлаар мандатаа солилцож орсоор байгаа аж. Түүнчлэн хаанаас ч юм тамирчдыг дагалдан 68 албаны хүн явсан тоо гараад ирэв. Үнэн хэрэгтээ тийм биш юм. Олимпын дараа МҮОХ энэ бүх хардлага, сэрдэлт, эргэлзээтэй асуудлуудын гогцоог тайлж, мэдээлэл хийх биз.


Угтаа бол бүхий л улс орны тамирчдыг албаны хүмүүс дагалдаж буй, тэгэх ч ёстой. Сэтгэлзүйч, хоолзүйчийн тухайд хэдийгээр Парис руу авч яваагүй ч энэ удаа бүтэн баг ажиллуулсан нь сайшаалтай. Өмнө нь сэтгэлзүйч, хоолзүйч авч явах нь битгий хэл хамтарч ажиллаж ч байгаагүй. Зарим спорт холбоо тамирчдадаа мэргэжлийн хүмүүсийг хөлслөн ажиллуулж байсныг үгүйсгэхгүй. Гэхдээ энд нэг зүйлийг зориуд дурдах нь зүйн хэрэг. Монголын баг тамирчдын амжилтад сэтгэлзүйч, хоолзүйчдийн баг онцгой хувь нэмэр оруулсан билээ.


Чөлөөтийнхөн 32 хүний бүрэлдэхүүнтэй Парисыг зорьжээ

“Парис-2024” наадамд чөлөөт бөхийнхөн өргөн бүрэлдэхүүнтэй оролцож байна. Монголын чөлөөт бөхийн баг энэ удаа 32 хүнтэй Парисыг зорьжээ. Бүрэлдэхүүнд есөн тамирчин, зургаан бэлтгэл хангагч, 11 багш, нэг эмч, хоёр массажист, нэг сэтгэлзүйч, нэг сэтгүүлч, нэг гэрэл зурагчин, ерөнхий нарийн бичгийн дарга, менежер багтсан байна. Барилдааны үйл явцад тамирчны сэтгэлзүй, хөдөлгөөн засал, дасан зохицох бэлтгэл сургууль чухал байдаг тул энэ удаагийн чөлөөт бөхийн бүрэлдэхүүнд багтсан эмч, массажист, сэтгэлзүйч зэрэг хүн чухал үүрэгтэй оролцож байгаа юм. Өнөөдрийн байдлаар манай есөн тамирчнаас тав нь тэмцээнээ дуусгаад байна.


Олимпод оролцож буй есөн тамирчин болон шигшээ багийн найман дасгалжуулагчийн зардлыг БТСУХ-ны Үндэсний шигшээ багийн төсвөөс шийдвэрлэсэн бол арын албаны ажилтнуудын бүх зардлыг МЧБХ-ны хандив тусламж, Удирдах зөвлөлийн гишүүдийн хураамжаас бүрдүүлсэн байна. Тус холбооны ерөнхийлөгч Я.Содбаатар Олимпын наадмын чөлөөт бөхийн тэмцээний өмнөхөн Парис хотод очсон бөгөөд баг тамирчдаа дэмжихээс гадна ДБНХ-ны хурал, товлолт уулзалтуудад оролцож, ирэх жил Улаанбаатар хотноо зохион байгуулахаар төлөвлөж буй дэлхийн чансааны цуврал тэмцээний ажил төрөлтэй яваа аж.




85 орон медаль хүртжээ

Олимпын наадам саяхан эхэлсэн мэт санагдаж байвч нэг л мэдэхэд 14 хоног өнгөрчээ. 13 өдрийн дараах байдлаар АНУ 103 медальтайгаар хүснэгтийг тэргүүлж байгаа бол Хятад, Австрали удаалж байна. Харин зохион байгуулагчид дөрөв, Их Британи тавдугаар байрт явна. Харин манай улс жүдо бөхийн төрөлд авсан нэг мөнгөн медалийнхаа ачаар 206 орноос 70 дугаарт эрэмбэлэгдэж байна. Одоогоор 85 орны тамирчин медаль хүртсэнээс 58 орон Олимпын аваргатай болжээ. Өчигдөр л гэхэд спортын 14 төрөлд 28 багц медалийн эзэд тодорсон юм. 



Холбоотой мэдээ