ПАРИС-2024: Испанийн хөлбөмбөгчид алтан медаль хүртлээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТПАРИС, 2024 оны наймдугаар сарын 10 /Anadolu/. Испанийн
шигшээ баг Олимпын наадмыг зохион байгуулагч Францыг 5:3-аар буулган авснаар алтан
медалийн эзэд боллоо.
Парисын “Парк де Пренс” цэнгэлдэх хүрээлэнд болсон тоглолтын 11 дэх минутад Францын тамирчин Энзо Мийо эсрэг багийн хаалганд гоол оруулснаар онооны харьцааг нээжээ. Харин тоглолт эхлээд ердөө 30 минут өнгөрөх үед Испанийн хөлбөмбөгчид тооны харьцааг 3-1 болголоо.
Тоглолтын хоёрдугаар хагаст Манес Аклиуш, Жан-Филипп Матета
нарын гоолын ачаар Францын шигшээ баг онооны харьцааг тэнцүүлжээ. Улмаар сэлгээгээр
талбайд гарсан Испанийн хөлбөмбөгч Серхио Камельо нэмэлт цагт хоёр гоол оруулснаар
испаничууд Олимпын аварга болж, францчууд талбайдаа мөнгөн медаль хүртэв.
Эмэгтэйчүүдийн тэмцээний тухайд гэвэл, “Лион” цэнгэлдэх
хүрээлэнд Жулиа Гвинн торгуулийн цохилтоор Испанийг 1:0-ээр буулгаж авснаар
хүрэл медалийн төлөөх тоглолтод Германы шигшээ баг хожжээ. Өнөө орой Бразил, АНУ-ын шигшээ багууд аваргын төлөө
тоглоно.
Кенийн гүйлтийн тамирчин Чебет хоёр дахь алтан медалиа хүртлээ
“Стад де Франс” цэнгэлдэх хүрээлэнд Кенийн тамирчин Беатрис
Чебет эмэгтэйчүүдийн 10 мянган м-ийн гүйлтийн тэмцээнд 30 минут 43.25 секундэд барианд
орсноор алтан медаль хүртлээ. Даваа гарагт 5000 м-ийн гүйлтэд түрүүлсэн тэрбээр
ийнхүү хоёр дахь алтан медалиа энгэртээ зүүв.
Түүнчлэн Доминиканы тамирчин Марилейди Паулино
эмэгтэйчүүдийн 400 м-ийн гүйлтэд Олимпын дээд амжилтыг тогтоож, алтан медаль
хүртжээ. М.Паулино 48.17 секундэд барианд орсноор 1996 оны Атлантагийн наадмын
үеэр Францын Мари-Жозе Перекийн тогтоосон дээд амжилтыг /48.25 секунд/ эвдсэн байна. Энэ төрөлд Бахрейны гүйгч
Сальва Эйд Насер, Польшийн Наталья Качмарек нар мөнгө, хүрэл медаль хүртжээ.
АНУ-ын тамирчин Рай Бенжамин эрэгтэйчүүдийн 400 м-ийн
саадтай гүйлтийн төрөлд 46.46 секундийн амжилтаар нэгдүгээр байр эзэлжээ. Түүний
араас Норвегийн Карстен Вархольм 47.06 секундэд барианд орсон бол Бразилын
Алисон дос Сантос хүрэл медалийн болзол хангасан байна.