ОУАЭХА хүлээц тэвчээртэй байхыг Украин, Орост уриалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2024-08-11 10:53:04

ВЕНА, 2024 оны наймдугаар сарын 11 /DW/. ОХУ-ын хамгийн том атомын цахилгаан станцуудын /АЦС/ нэг байрладаг Курск мужид байлдааны ажиллагаа эрчимжиж байгаатай холбогдуулан хүлээц тэвчээртэй байхыг НҮБ-ын цөмийн асуудал эрхэлсэн байгууллагаас Украин, Оросын талуудад уриалжээ.


Курскийн АЦС-ын орчимд мөргөлдөөн үргэлжилж буй энэ үед цөмийн гамшгаас урьдчилан сэргийлэхийн тулд “дээд зэргээр хүлээц тэвчээртэй байх” шаардлагатай байна гэж Олон улсын атомын эрчим хүчний агентлагийн /ОУАЭХА/ тэргүүн Рафаэль Гросси мэдэгдсэн байна. Миний бие хоёр орны холбогдох байгууллагуудтай биечлэн холбоотой байгаа бөгөөд энэ асуудалд үргэлжлүүлэн анхаарал хандуулах болно гэж тэрбээр хэлжээ.


Тус станцаас устгасан пуужингийн хэлтэрхийнүүд олдсон боловч шууд халдлага үйлдсэн гэх нотлох баримт байхгүй байна гэж Вена хот дахь ОХУ-ын дипломат төлөөлөгчийн газраас ОУАЭХА-д мэдээлснийг Оросын хэвлэлүүд уламжилсан байна. Харин “Росатом” корпорацаас бямба гарагт Курскийн атомын станц хэвийн ажиллаж байна гэж мэдэгджээ.


ОХУ-ын Курск мужийн нутаг дэвсгэрт ширүүн тулалдаан болж байгаа талаар хэвлэлүүдэд мэдээлж байгаа юм. АНУ-д төвтэй Дайн судлалын хүрээлэнгийн мэдээлснээр, Украины цэргүүд тус бүс нутагт 35 орчим км давшсан боловч бүрэн хяналтаа тогтоогоогүй байгаа аж.

Холбоотой мэдээ