Эцэг, эхчүүд цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардалд өдөрт 1000 төгрөг төлнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-08-15 13:26:23

Улаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажилтай холбоотойгоор Боловсролын сайд П.Наранбаяр мэдээлэл хийв. Боловсролын сайдын өгсөн мэдээллийг багцлан хүргэе. 


2024-2025 оны хичээлийн жилд цэцэрлэгийн хүүхдийн өдрийн хоолны мөнгө буюу 1000 төгрөгийг эцэг, эхээс нь гаргуулах ажээ. Энэ тухай “Цэцэрлэгийн хүүхдийн хоолны түүхий эдийн зардлын дүнг 1000 төгрөгөөр нэмэгдүүлэх саналыг Засгийн газрын тогтоолоор гаргуулахаар ажиллаж байна. Өнгөрсөн тавдугаар сард Засгийн газрын тогтоолоор хүүхдийн хоолны мөнгийг 500 төгрөгөөр нэмсэн. Ингэснээр хоол хийх түүхий эдийн зардал 3000 төгрөг болсон. Мөнгөн дүн нэмэгдсэнээр хүүхдийн өдөрт авах шим тэжээлийн хэмжээ 52, 53 хувьтай болсон. Гэхдээ хүүхдүүдийн гэдэс хонхолзсон хэвээр. Тиймээс цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгө дахин 1000 төгрөгөөр нэмэгдсэнээр тэдний авах шим тэжээл 70 гаруй хувьд хүрэх юм. Хоолны зардлыг хүүхдээ цэцэрлэгт өгч байгаа ээж, аав нь даана. Жишээлбэл, сард 22 өдөр хүүхдээ цэцэрлэгт явуулсан гэж тооцвол 22 мянган төгрөг төлөх юм. Ингэснээр хүүхэд цадах хэмжээндээ хүртэл хоол идэх боломжтой болно. Таны тушаасан 1000 төгрөгийг хүүхдэд тань зориулна. Боловсролын ерөнхий хуульд цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг эцэг, эх нь хуваалцана гэсэн заалт бий. Бид энэ асуудлыг хөндөж яриад найман жил болсон ч шийдэл гараагүй байсан” хэмээн ярив.


Шинэ сурах бичгийг 100 сургуульд туршина

Үүнээс гадна сурах бичиг, сургуулийн өмнөх боловсролын хөтөлбөр, 1-5 дугаар ангийн сурагчдын сургалтын үндэсний хөтөлбөр, сурах бичгийг шинэчлэн гаргах 254 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг байгуулжээ. Сурах бичгийн шинэ хувилбар 10-11 дүгээр сард гарах юм. Эхний ээлжинд 100 сургуульд турших бөгөөд ирэх жилээс үндэсний хэмжээнд нэвтрүүлэх юм байна. Үүнтэй холбоотойгоор 1-5 дугаар ангийн унших бичгийг сэргээж, хүүхдийн унших чадварыг нэмэгдүүлэхээр болжээ. Шинээр зохиож буй сурах бичиг нь интерактив QR кодтой, эсвэл AR-тай байх бөгөөд ингэснээр хүүхэд сурах бичигтэйгээ ажиллах боломжийг бүрдүүлэх юм байна.


Их, дээд сургуулийн босго оноог нэмнэ

Түүнчлэн Боловсролын сайд П.Наранбаяр их, дээд сургуультай холбоотой мэдээлэл өгөв. Тэрбээр энэ тухайд, “Төрийн өмчийн их сургуулийн төлөөллүүдтэй уулзахад босго оноог 520-иос дээш болгохыг санал болгосон. Мөн хувийн их сургуулиудын төлөөллийн байр суурийг сонсож шийдвэрээ гаргана. Энэ жилийн элсэлттэй огт хамаагүй. Ирэх жилээс хэрэгжүүлнэ. Гэхдээ энэ асуудалд эрх ашиг нь хөндөгдөж байгаа хүмүүсээс санал авч үүнийг шийдвэрлэнэ. Цаашид баримтлах чиглэлд элсэлтийн босго оноог өндөрсгөх зайлшгүй шаардлагатай. Тэгж байж их сургуулиудын чадвар, чанар дээшилж, судалгааны их сургууль болгож хөгжүүлэх боломжтой” гэлээ.


Есдүгээр сарын 1-нд нээлттэй өдөрлөг зохион байгуулна

2024-2025 оны шинэ хичээлийн жилийн нээлт буюу есдүгээр сарын 1-ний өдөр нь ням гарагт тохиож буй. Тэгвэл энэ өдөр цэцэрлэг болон нэг, зургадугаар ангийн сурагчид, эцэг, эхчүүд цэцэрлэг, сургуулийн орчинтой танилцах, нээлттэй өдөрлөг зохион байгуулах ажээ. Өөрөөр хэлбэл, нүсэр бус төсөр байдлаар есдүгээр сарын 1-ний үйл ажиллагааг явуулахаар болжээ. Харин есдүгээр сарын 2-ны даваа гаргаас хичээл сургалтын үйл ажиллагааг шууд эхлүүлэх юм байна. Мөн их, дээд боловсролын сургалтын байгууллага ирэх сарын 2-нд нээлтийн үйл ажиллагааг орон нутгийн бодлого чиглэлтэй уялдуулж эхлүүлэх юм.

Холбоотой мэдээ