Хүүхдийн хууль зүйн хороо байгуулагдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2016-10-12 17:08:24

Өнгөрсөн сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн Хүүхэд хамгааллын тухай хууль болон Хүүхдийн эрхийн тухай хуулийг улсын хэмжээнд үр дүнтэй хэрэгжүүлэх зорилгоор ХЗДХЯ-ны дэргэдэх Хүүхдийн эрхийн сургалт судалгааны хүрээлэнгээс үндэсний хэмжээний сургалтыг 21 аймагт зохион байгуулж, энэ үеэр аймаг тус бүрт 20 хүний бүрэлдэхүүнтэй Хүүхдийн хууль зүйн хороог байгууллаа.

Хүүхдийн хууль зүйн хороо нь гэмт хэргийн гэрч, хохирогч хүүхдийн эрх ашгийг хамгаалах, гэмт хэрэг үйлдсэн хүүхдэд хүмүүжлийн арга хэмжээг зохион байгуулах, боловсрол, мэргэжилтэй болох, ажил, хөдөлмөр эрхлэхэд нь туслалцаа үзүүлэх, дахин гэмт хэрэг, зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэх зорилготой аж. Ямартай ч хүүхдийн эрх, хамгааллыг нийгмийн бүхий л хүрээнд шийдвэрлэх зорилго бүхий Хүүхдийн хууль зүйн хороо Увс аймагт байгуулагдлаа.

“Гурван хүн тутмын нэг нь хүүхэд хэмээн бүртгэгдсэн манай улсад нийгэм, эдийн засгийн олон хүчин зүйлээс шалтгаалан хүүхдийн эрх зөрчигдсөөр байгаа. Иймд уг хуулиудыг орон нутагтаа үр дүнтэй хэрэгжүүлэхэд нийгмийн бүхий л шатны хүмүүс оролцоотой байх нь чухал байна. Тэр дундаа амьдралын буруу үлгэр дууриалал, эцэг эхийн хараа хяналт сул байснаас хүүхэд бага насандаа гэмт хэрэг үйлдэх, гэмт хэрэг, зөрчилд холбогдох явдал их бий. Иймд тэдэнд зөвлөгөө өгч гаргасан алдааг нь ухамсарлуулж, дахин хэрэг үйлдэхгүй байх тал дээр нь нөлөөллийн арга хэмжээг Хүүхдийн хууль зүйн хорооноос зохион байгуулан ажиллах юм” хэмээн Хүүхдийн эрхийн сургалт судалгааны хүрээлэнгийн захирал Б.Жавзанхүү ярилаа.

Увс аймаг Б.Батхүү

 

Холбоотой мэдээ