Хадлан тэжээл бэлтгэл 70 хувьтай явагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2016-10-12 20:37:34
Yesukheitumur Tumurbaatar

Мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэлийг чанартай хангуулах үүднээс аймгийн Засаг даргын захирамж гарч Засаг даргын зөвлөлийн гишүүд бүрт 3 сумыг даалган хариуцуулж ажиллуулахаар болжээ. Гишүүд хариуцсан сумандаа “Мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэлийг малчны хотонд хангуулах шалгуур үзүүлэлт”-ийн бэлтгэл ажлыг эртнээс зохион байгуулж ажиллах юм байна. 

Үүнээс гадна энэ жил аймгийн Засаг даргын захирамжаар 105352 тн өвс бэлтгэх ёстойгоос одоогийн байдлаар 70560 тн өвс, 31506 тн гар тэжээл бэлтгэх ёстойгоос 3024.6 тн гар тэжээл болон 2808 тн ногоон тэжээл, 816.5 тн үйлдвэрийн тэжээлийг тус тус бэлтгэн нөөцлөөд байна. Өнөөдрийн байдлаар хадлан тэжээлийн бэлтгэл 70 хувьтай явагдаж байна хэмээн албаныхан мэдээллээ.

Мөн аймгийн Засаг даргын Захирамжаар аймгийн “Аюулгүйн нөөц”-ийн 250 м блокон хашаа болон 1000м² сараа барихаар ажиллаж байна. Одоогийн байдлаар ажлын гүйцэтгэл 80 хувьтай явагдаж байна.

Түүнчлэн тал хээрийн сумдад газар тариалан бүхий сумдаас хямдралтай үнээр өвс борлуулах ажлыг зохион байгуулахаар тендер зарлаж зарим иргэн аж ахуй нэгжтэй гэрээ байгуулан ажиллаж байгаа талаар албаныхан хэллээ. Тухайлбал Цээл сумын иргэн Б.Төрбат аймгийн нөөцөд 8000 боодол өвс нийлүүлэх тендерийн материалын шаардлагыг хангасан тул гэрээ байгуулан ажиллахаар болсон байна.

Т.Есүхэйтөмөр

Холбоотой мэдээ