Аймаг, нийслэлийн сонгуулийн хороодын дарга гишүүдийг сургалтад хамруулж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Орон нутгийн хурлын ээлжит сонгууль болохтой холбогдуулж Аймаг, нийслэлийн сонгуулийн хороодын дарга, гишүүдийг өнөөдрөөс сургалтад хамруулж байна.
СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран сургалтыг нээж хэлсэн үгэндээ орон нутгийн хурлын сонгуулийг зохион байгуулахдаа хараат бус, шударга ажиллахыг Аймаг, нийслэлийн сонгуулийн хорооны гишүүдэд анхааруулаад, сонгуульд оролцогч болон сонгогчдод ил тод, нээлттэй ажиллахыг зөвлөв. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сонгох эрхийг хангах, сонгогчдын саналын нууцлалыг хангахад сайтар анхаарч ажиллах шаардлагатайг хэллээ. Мөн сонгуультай холбоотой хуулийн зохицуулалт, хууль тогтоомжид орсон мэдвэл зохих өөрчлөлт, төсвийн зарцуулалт болон баримт бүрдүүлэлт, тайлан гаргах аргачлал сэдвээр СЕХ-ны мэргэжилтнүүд танилцуулга хийв.
Сонгуулийн мэдээллийн нэгдсэн сан www.e-election.mn цахим системийн хөгжүүлэлт, онцлог, ашиглалт болон системээр сонгуульд оролцох нам, эвсэл, нэр дэвшигчийг бүртгэх, бие даан нэр дэвшигчид дэмжигчдийн гарын үсгийг хэрхэн цуглуулах талаар “Интерактив” ХХК-ийн нэвтрүүлэлтийн албаны дарга Э.Ундрал зааварчилгаа өгсөн юм. Орон нутгийн хурлын сонгуульд ажиллах төрийн албан хаагчид, оролцогчдын бүртгэлийг сонгуулийн мэдээллийн нэгдсэн сан www.e-election.mn системийг ашиглах бөгөөд цахим системийг бүртгэл, мэдээллийн чиглэлээр бүрэн ашиглах боломжтойг танилцуулсан юм.
Түүнчлэн энэ үеэр нам, эвслээс болон бие даан нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авах, бүртгэх эсэхийг шийдвэрлэх, үнэмлэх олгох, нийтэд мэдээлэх талаар мэдээлэл өгөв. Уг сургалт маргааш үргэлжилнэ.