Жендэрийн тэгш байдлыг ахиулж, оролцоог хангаснаар өрх гэр, улс орон хөгжил дэвшилд хүрэхийг онцлов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2024-08-23 16:05:43

Улаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор Ерөнхийлөгчийн Тамгын газар, Гадаад харилцааны яам, НҮБ хамтран “Ногоон ирээдүйн төлөө” Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг анх удаа Улаанбаатар хотноо энэ сарын 22, 23-нд зохион байгууллаа. Энэхүү чуулганы зохион байгуулалт, чиглэл зорилго, үр дүнгийн талаарх оролцогчдын санал бодлыг хуваалцсан юм.

 

УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл:

-Та Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтын хүрээнд болсон “Спорт, соёл, урлагийн салбар дахь тэгш байдал” салбар хуралдааны нээлтэд оролцож, үг хэллээ. Спорт, тэр дундаа соёл урлагийн салбарт эмэгтэйчүүд олноор ажилладаг ч шийдлээ хүлээсэн асуудал цөөнгүй байгааг салбар хуралдааны үеэр хөндөх шиг боллоо?

-Манай улс эдийн засгийн хувьд төдийлөн бэхжээгүй, тэр утгаараа соёл урлаг, спортын салбар дахь эмэгтэйчүүдийн орлогын хэмжээ хүссэн түвшинд биш байгаа нь амьдрал дээр бодитоор харагддаг. Өнөөдөр салбарын яам ажиллаж, төсөв хуваарилж байгаа ч тэрхүү хуваарилалтаар өнөөгийн өсөн нэмэгдэж буй хэрэгцээ шаардлагыг хангаж чадахгүй байна. Тиймээс энд макро эдийн засгийн асуудал яригдана гэсэн үг.


Түүнээс гадна төрөөс оновчтой бодлого хэрэгжүүлэх шаардлагатай байна. Ялангуяа авьяас чадвартай уран бүтээлчдийг олон улсын зах зээлд гаргах тал дээр ажиллах хэрэгтэй байна. Тухайлбал, бидний хамгийн сайн мэдэх жишээ бол “ХҮ” хамтлаг юм. Үүний зэрэгцээ эмэгтэйчүүд үндсэн ажил мэргэжлээрээ ажиллахын зэрэгцээ гэрийн эзэгтэй, эх хүний үүргээ давхар авч явдаг. Тиймээс төрөөс хэрэгжүүлж буй бодлого халамж талдаа биш, үүний оронд ажилдаа хариуцлагатай, сэтгэл зүтгэл гаргаж ажиллахад нь дөхөмчилсөн, оновчтой бөгөөд хүртээмжтэй байдлаар асуудлыг шийдэх хэрэгтэй. Сайн шийдэл нь эмэгтэйчүүдийг ар гэр, үр хүүхдэдээ санаа зовохгүйгээр ажиллах бололцоог бүрдүүлнэ. Энэ мэтээр ярих юм бол олон асуудал гарч ирэх байх. Иймд бид асуудлыг том зургаар нь харах хэрэгтэй.


-Та УИХ-ын 2024 оны сонгуулийн дүнгээр парламентын гишүүнээр сонгогдсон 32 эмэгтэйн нэг. УИХ-ын гишүүний хувьд тус салбарын хууль, эрх зүйн орчныг сайжруулах талд ямар санал санаачилга гаргаж ажиллах вэ?

-Миний хувьд олон жилийн турш улсын төсвийн анализыг хийж ирсэн. Төсөв оновчтой төлөвлөхийн зэрэгцээ зарцуулалт нь үр өгөөжтэй байх ёстой. Гэхдээ нөгөө талдаа төсвийг хэт өөдрөгөөр тооцож, үрэлгэн зардал гаргаж болохгүй. Энэ нь эргээд төсвийн алдагдлыг үүсгэнэ, алдагдал нь Засгийн газрын өрийг нэмдэг. Цаашлаад өрх гэр, хувь хүн, аж ахуйн нэгжийн албан татварыг нэмэгдүүлэхэд нөлөөлдөг. Тэрхүү нөлөө нь гэр бүл, аж ахуйн нэгжийг хөтөлж яваа эмэгтэйчүүдийн нуруун дээр ирэх болно. Энэ утгаар улсын төсвийг макро түвшинд авч үзье гэсэн үүрэг оролцоог хангахаар парламентад орж ирсэн. Нөгөө талдаа төсвийн хуваарилалтыг жендэрийн мэдрэмжтэй зарцуулах ёстой гэдэг дээр дуу хоолойгоо хүргэх гэж бодож байгаа.


-Сонгуулийн дүнгээр УИХ 32 эмэгтэй гишүүнтэй болсонд та хэр сэтгэл хангалуун байгаа вэ. Дараагийн сонгуулиар эмэгтэй гишүүний квот өснө. Хэр олон эмэгтэй манай улсын парламентад суувал зохистой гэж та бодож байна вэ?

-Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо яагаад өндөр байх шаардлагатай байна вэ гэхээр, энэ нь нийгмийн ажилгүйдэл, ядуурал, архидалт, сэтгэл гутрал гэх мэт урхагшсан асуудлуудтай холбоотой гэхэд болно. Тиймээс асуудлын голыг мэдрэмжтэйгээр олж харах оролцоо буюу эмэгтэйчүүдийн оролцоог бүрдүүлэх хэрэгтэй. Тиймдээ ч өнгөрсөн хугацаанд эмэгтэйчүүдийн оролцоог хангах тухай асуудлыг тасралтгүй ярьсаар ирсэн. Квотын тухай асуудал парламентын түвшинд байнга яригдсанаар өнөөдөр 32 эмэгтэй гишүүнтэй боллоо. Гэхдээ тооноос гадна чанарт анхаарвал нь зүйтэй юм.

 

-“Doctor Bai” компанийн захирал Ч.Оюунцэцэг:

-Юуны өмнө та өөрийгөө танилцуулна уу?

-Би Завхан аймгийн Отгон сумын уугуул. Улаанбаатарт амьдардаг ч хөдөөгүүр явж, малын гаралтай түүхий эд цуглуулдаг. Өнөөдрийн чуулганд оролцож байгаа миний зорилго бол малчин эмэгтэйчүүд, тэр дундаа орлого багатай эмэгтэйчүүдтэй холбоотой өөрийн эмзэглэж явдаг, төр засгаас анхаараасай гэсэн асуудлаар үгээ хэлэх явдал байлаа. Чуулганы оролцогчидтой санал бодлоо хуваалцаж, үгээ хэллээ. Манай төр засгаас иргэд рүүгээ чиглэсэн бодлого, үйл ажиллагааг явуулахгүй биш явуулж байна. Гэхдээ УИХ-аас баталсан хууль тогтоомж, зээл хөтөлбөртэй холбоотой мэдээллийг малчдад, тэр тусмаа цөөн малтай, хүн бүл муутай малчин эмэгтэйчүүдэд ойлгуулж таниулахад онцгой анхаараасай. Өөрөөр хэлбэл, амьдралын бололцоо муутай эмэгтэйчүүдийг асуудлын гадна үлдээдэггүй байх хэрэгтэй байна. Тэдгээр эмэгтэй малчид зээл хөнгөлөлтөд илүү сайн хамрагдвал амьдралын түвшин нь дээшилнэ.  


-“Эмэгтэйчүүдийн нийгмийн асуудлыг бид шийднэ. Мөнгө санхүү, эрүүл мэнд, боловсрол тал дээр анхаарна” хэмээн ярьдаг байсан бол орчин цагт “Та энэ асуудлын хөдөлгөгч хүч нь байх бололцоотой. Та өөрөө оролцох хэрэгтэй” гэсэн мессежийг өгдөг, оролцоотой байхыг шаарддаг болчихлоо. Саяны хурлаас энэ хандлагыг та олж мэдэрсэн болов уу гэж тааж байна?

-Нэг үеэ бодвол юм их сайхан болсон байна. Би бол 60 гаруй насны, дөрвөн хүүхэдтэй, энгийн нэг эмэгтэй. Хүүхдүүд маань тусдаа гарч, улсдаа тусаа өгөөд амьдарч явна. Өнөөдрийн хуралд миний насны хүнийг хамруулж байгаа нь оролцоог маань хангаж, иргэндээ асуудлыг хүргэж байгаагийн нэг илрэл гэж бодож байна.


-Чуулганы дараа та хөдөөгүүр явахдаа энэхүү чуулганы юуг нь онцлох вэ?

-Энэхүү олон улсын чуулганд суусан хүний хувьд хурлын чиглэл зорилгыг дэргэдээс нь ойлголоо шүү дээ. Тиймээс малчин эмэгтэйчүүдээ мэдээлэлд ойр байж, боловсролын түвшингээ ахиулах хэрэгтэй. Тэгвэл таны, миний амьдрал дээшилнэ гэж хэлнэ дээ. Ийм үйл ажиллагаа олныг зохион байгуулбал эмэгтэйчүүд илүү мэдээлэлжиж, түүнийх нь үр нөлөө хаана хаанаа гарна л гэж бодож байна.

 

Монголын Урлагийн зөвлөлийн Гүйцэтгэх захирал О.Одгэрэл:

-Та Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтын өөрийн харьяалах салбар хуралдаанд ТББ-ыг төлөөлж оролцлоо. Төрийн бус байгууллагынхны дуу хоолой бол олны нийтийн дуу хоолой гэсэн үг. Тус салбарт жендэрийн тэгш байдал хэр хангагдсан бэ?

-Манай улс тэгш эрхтэйгээр хөдөлмөрийн харилцаанд орох боломжийг хуулиараа нээж өгсөн. Бид хүйсийн асуудлыг ярихаар зөвхөн эмэгтэйчүүдийг голлон ярих нь өрөөсгөл юм. Хоёр хүйс эрх тэгш хэмнэлтэй оршин байвал бид асуудлыг шийдэж чадсан гэсэн үг. Ер нь Монголын нийгэм жендэрийн мэдрэмж талдаа их дэвшилтэт гэж хэлж болно.


Тухайлбал, Монголд хоёулаа урлагийн хүмүүс байдаг гэр бүл цөөнгүй бий. Ийм гэр бүлийн хувьд үүргээ адилхан ухамсарлаж байж, амьдралаа цогцлоож байгаа юм. Мэргэжил өөртэй гэр бүлийн гишүүдийн хувьд нэг нь нөгөөгөө ойлгож хүлээцтэй хандах хэрэгтэй болдог. Чөлөөт уран бүтээлчид бол өөрөө өөртөө зах зээл бий болгож, орлогожиж яваа хүмүүс. Бид урлагийн салбар дахь жендэрийн асуудлыг цогцоор нь хөндье гэвэл салбарынхаа жендэрийн суурь судалгааг хийх хэрэгтэй. Өнөөдөр зөвхөн төрд харьяалагдах урлагийн байгууллагынхныг судалгаанд хамруулж, тэр судалгааг түшиглэж асуудлыг яриад байна. Орчин цагт чөлөөт уран бүтээлчдийг хамруулах нь зүйтэй. Хоёрдугаарт судалгаанд түшиглэж аль бүлэг орхигдож байна вэ, ямар боловсролын түвшинг ахиулах шаардлагатай байна вэ гэхчлэн тооцооллыг хийдэг болох хэрэгтэй. Одоогийн байдлаар бидэнд судалгаа нэн тэргүүнд шаардлагатай байна.

Холбоотой мэдээ