Парисын Паралимпын наадам эхэллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2024-08-29 09:55:35

ПАРИС, 2024 оны наймдугаар сарын 29 /AFP/. Олимпын наадмыг зохион байгуулснаас хэдхэн долоо хоногийн дараа  Парис хотноо 2024 оны Паралимпын наадмын ёслолын ажиллагаа лхагва гаргийн орой боллоо. 


Дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн олон мянган тамирчин нар жаргах үеэр Элисейн өргөн чөлөөгөөр Эв нэгдлийн талбайг зорин алхсан юм. Парисын төвд орших уг талбайд Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Паралимпын наадам албан ёсоор эхэлснийг зарлалаа. Дөрвөн цаг орчмын турш үргэлжилсэн ёслолыг 50 мянга орчим хүн үзсэн байна.



Өнөөдөр буюу пүрэв гаргаас есдүгээр сарын 8-ны өдрийг хүртэл бие бялдар, хараа, оюуны бэрхшээлтэй 4000 гаруй тамирчин спортын 22 төрлөөр өрсөлдөнө. Паралимпын тэмцээнүүдийн 2.8 сая тасалбараас 2 сая гаруй нь зарагдсан гэж зохион байгуулагчид мэдээлжээ.


Нээлтийн ёслол долоодугаар сарын 26-нд болсон Олимпын наадмын нээлттэй нэгэн адил цэнгэлдэх хүрээлэнгийн гадна болсон юм. Сөнөөгч онгоцууд дээгүүр нисэж, Францын төрийн далбааны улаан, цагаан, цэнхэр өнгийн утаа татуулан үзүүлбэр үзүүлэв. Улмаар тамирчид цагаан толгойн үсгийн дарааллаар талбайд орж ирлээ.


Тамирчдын парадад зарим орон өргөн бүрэлдэхүүнтэй оролцсоноос дурдвал, Бразилын 250 гаруй тамирчин оролцсон бол Барбадос, Мьянмар зэрэг орнуудаас цомхон төлөөлөл оролцжээ. Украины тамирчдыг үзэгчид халуун алга ташилтаар угтан авсан байна. АНУ-ын тугийг Стив Серио, Ники Нивес нар барин талбайд орж иржээ. Харин Францын тамирчдыг хамгийн сүүлд хүрэлцэн ирэхэд үзэгчид алга нижигнүүлэн ташиж байлаа.



Олимпын нээлтийн ёслолын найруулагч Томас Жоллигийн найруулсан ёслолын туршид хөгжлийн бэрхшээлтэй дуучид, бүжигчид, хөгжимчид үзүүлбэр үзүүлж, бие бялдрын ялгаатай байдлыг даван туулах утга агуулгыг илэрхийлжээ. Төрөхдөө зүүн гараа алдсан Францын дуучин Лаки Лав тэргэнцэртэй бүжигчидтэй үзүүлбэр үзүүлсэн юм. Бусад үзүүлбэрт таягтай бүжигчид ч мөн оролцов.


Олон улсын Паралимпын хорооны тэргүүн Эндрю Парсонс нээлтийн ёслолын үеэр хэлсэн үгэндээ, Парисын Паралимп дан ганц спортоор зогсохгүй өөр бусад салбарт “хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах хувьсгалыг” эхлүүлнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийллээ. 


Ёслолын ажиллагааны төгсгөлд Паралимпын галт бамбарыг тэргэнцэртэй теннисний алтан медальт тамирчин Михаил Жереми буухиалан тайзан дээр гарч ирж, Францын таван паралимпч тогоог асаалаа. Энэхүү тогоо нь агаарын бөмбөлөг мэт харагддаг бөгөөд шөнийн цагаар алт мэт гэрэлтэн харагдана.



Өнөөдөр эхний медалиудыг таеквондо, ширээний теннис, усанд сэлэлт, дугуйн төрлүүдэд гардуулах юм. Паралимпын наадмын хаалтын ёслол Стад де Франс” үндэсний цэнгэлдэх хүрээлэнд ирэх есдүгээр сарын 8-нд болно.

Холбоотой мэдээ