Томас Штрике: Монгол эмэгтэйчүүдээс асуух миний 108 асуулт

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khandmaa@montsame.gov.mn
2024-09-08 13:38:17

 Улаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Монгол болон олон улсын уран бүтээлчдийн “Эх дэлхийгээ анагаахуй” үзэсгэлэнг ХБНГУ-ын Дюссельдорф хотын “Күнстхаллэ Дюссельдорф” орчин үеийн урлагийн музейд дэлгээд буй.

Төрөл бүрийн материалаар, урлагийн олон төрлөөр туурвисан 18 бүтээлчийн 50 гаруй бүтээлд ЭХ ДЭЛХИЙГЭЭ АНАГААХУЙН утга учгийг өөр өөрийнхөөрөө тайлсан, үзэгчээс шууд асуусан, тэдэнтэй зөвлөлдсөн агуулгатай байлаа. Тэдгээрээс олон үзэгчийн сонирхлыг эрхгүй татаж байсан “Монгол эмэгтэйчүүдээс асуух 108 асуулт” бүтээлийн эзэнтэй ярилцсан юм. 

 

-Та өөрийнхөө тухай танилцуулна уу?

-Намайг Томас Штрике гэдэг. Би Швейцарт төрсөн. Германы Дюссельдорф хотын Урлагийн академид сурч уран барималчаар төгссөн. Дюссельдорф хотноо мэргэжлээрээ 35 жил ажиллаж амьдарч байна.

 

-Энэхүү үзэсгэлэнд дэлгэсэн бүтээлээ танилцуулж болох уу?

-Дуртайяа танилцуулъя. Миний энэ ажил нэлээд удаан хугацаанд үргэлжилж байна. Анх би 1994 онд нүүдэлчин ахуйн тухай өөрийнхөө төсөөлж чадах хамгийн том асуултын хариуг хайж Монгол руу аялж байлаа. Гучин жилийн өмнө гэсэн үг шүү дээ. Тэр аяллын үед надад нүүдэлчин ахуйн тухай маш олон асуулт ургасаар байсан. Тэгээд түүнээс хойш 30 жилийн дараа Монголоор дахин аялах боломж олдож, энэ оны тавдугаар сард малчин айлуудаар зочилж олон жил сонирхсон асуултынхаа хариуг олж авсан юм. Тиймээс энэ бүтээлдээ тэднээс асуусан 108 асуултаа брайль үсгээр тэмдэглэсэн байгаа. Брайль тэмдэгт бүхэн нь монгол гэрийг төлөөлж байгаа.

 

-Тал нутагт таран суусан малчдын амьдралд лаа чухал байлаа. Лааны гэрэлд тэрлэг эсгэж ном уншиж байсан цаг үе бий л дээ. Харин та бүтээлийнхээ материалд яагаад лаа сонгосон бэ?

- Нүүдэлчин ахуйн онцлогийг илэрхийлэхэд олон талаар тохиромжтой материал санагдсан. Температурын өөрчлөлтөөс хамаарч шингэн хэлбэрт ч шилжинэ, эргээд хатуу төлөвт ч хувирах зэргээр хөдлөмтгий материал бол лааны тос юм. Яг л Монголын дөрвөн улирал шиг. Монгол ч гэсэн цаг агаарын хувьд зундаа халуун, өвөлдөө хүйтэн. Энэхүү лааны тосон хавтангууд дээрх дүрс бол монгол гэрүүд юм. Тиймээс бүгд хөдөлнө.

 

-Тэгвэл яагаад брайль үсгийг ашигласан гэсэн үг вэ?

-Монгол гэр, нүүдэлчин ахуйн тухай ийм олон асуулт надад байгаа нь би өөрөө нүүдэлчин амьдралын тухайд "харалган" хүн мэт сэтгэгдэл төрүүлсэн учраас тэр юм. Ирэх жил Монгол Улсын Чингис хаан Үндэсний музейд энэ үзэсгэлэнг гаргахад 108 асуултаа би монгол бичгээр бичнэ гэж бодож байгаа.

 

-Таны бүтээлийг 108 судар ч гэж хэлж болмоор нүдэнд дулаахан сэтгэгдэл төрүүлж байна. Харин энэ өвөрмөц бие, заавал тэмтэрч утгыг нь тайлах энэ судруудад ямар ямар асуулт байгаа нь монгол хүний хувьд их сонирхолтой санагдаж байна. Яагаад 108 асуулт гэж?

 

-Би Монгол явахаасаа өмнө нэлээд судалгаа хийсэн л дээ. Улмаар 108 гэдэг тоо Буддын шашинд их утга агуулгатай болохыг олж мэдсэн. Би Монголын өв соёл, нүүдэлчин ахуйн ёс заншилтай илүү ойртож, ойлгохыг хичээсний маань ч илэрхийлэх байх. Миний хувьд, хамгийн том асуулт нь, "Бид хэрхэн амьдрахыг хүсэж байна вэ, материаллаг бус гэрт үү, эсвэл маш их материал эд хөрөнгө цуглуулж том байшинд "нүсэр" амьдрах уу" гэдэг асуулт юм. .

 

-Бүх асуултынхаа хариуг олж чадсан уу?

- Энэ бүтээлд маань миний асууж чадаагүй асуулт ч байгаа. Суурин соёл иргэншилтэй хүн нүүдэлчдийн амьдралыг ойлгохын тулд маш олон асуулт хойно хойноосоо урган гарч ирдэг юм байна. Тийм ч учраас би Монгол руу ахиад аялж, дахиад л асуумаар байгаа.

 

-Тухайлбал, ямар асуулт танд байна вэ, би хариулж өгч чадахаар бол танд хариулж өгч болох уу?

 

-Энэ нь нууц биш л дээ, тийм ч учраас би эдгээр асуултаа герман хэлээр гаргасан номдоо хэвлэсэн. Жишээ нь, би нэг хөгжилтэй асуултыг эрчүүдээс асуусан. Та морь унаад явж байхдаа зүүрмэглэж байсан уу? гэж. Миний хувьд, энэ нь нүүдэлч малчдыг төсөөлсөн нэг л зураглал шүү дээ. Ийм морин дээр нэг л хэмээр цогиж явах бүүвэйлэгдсэн хөдөлгөөнд хүн унтчих талтай. Тэгээд жолооны ард жолооч нойрмоглож болохгүйтэй адил морь унаж яваа хүн нойрмоглохоороо яадаг бол гэж би бодсон л доо. Гайхалтай нь, ихэнх эрчүүд миний асуултад "Мэдээжийн хэрэг зүүрмэглэж л таарна шүү дээ" гэж хариулсан /инээв/.

 

Бас нэг тун сонин санагдаж байсан асуултыг би эмэгтэйчүүдээс асуусан. Нүүдэлчний амьдралаар амьдрах саналыг та эхэлж тавьсан уу гэж тэднээс асуусан юм. Эрчүүдээ хөдөлгөөнтэй байлгахын тулд эмэгтэйчүүд илүү хотын амьдралаас татгалзан хөдөө гэрт амьдрахыг хүсдэг болов уу гэж би бодсон юм л даа. Тиймээс хөдөөнөө амьдаръя гэж илүү их хэлдэг, хүсдэг хүмүүс нь малчин эмэгтэйчүүдийг гэж би боддог юм.

 

-Энэ асуултынхаа хариуг Монголд дахин очихдоо олж авна гэдэгт тань итгэлтэй байна аа. Таны ярианаас байгальд хамгийн хал багатай аж төрдөг нүүдэлчин ахуйн талаар ойлгуулахыг хүссэн, мөн ойлгохыг хүссэн тийм сэтгэл мэдрэгдэж байна. Нүүдэлчин эмэгтэйчүүдээс асуух 108 асуулт гэдэг нэр өгсөн нь ямар учиртай вэ, яагаад чухам эмэгтэйчүүд гэж?

-Учир нь, би эсрэг хүйстнээсээ асуухыг хүссэн. Нөгөөтээгүүр, Монгол нь их бага хэмжээгээр нүүдэлчин ахуйг хадгалсан нийгэм. Тийм ч учраас энэ жил би олон төрлийн зүйлсийг асууж ярилцах боломжтой олон янзын малчдыг ярилцлагадаа сонгохыг хүссэн.

 

-Монгол гэрийг та хэрхэн тодорхойлох вэ?

-Миний хувьд амьдралдаа унтаж үзсэн хамгийн тохилог, хамгийн авсаархан сууц гэж тодорхойлно.




 Үэсгэлэнг нээх үеэр

Холбоотой мэдээ