ДОРНОГОВЬ: Луун хээтэй “Ямбаны дээл”
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬСайншанд, 2024 оны есдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Музей сургалт, судалгааны төвийн үзмэрийн танхимд Чингис хааны алтан ургийн хүн, Түшээт Хан аймгийн Говь мэргэн вангийн хошууны ноён Амгаабазарын Анандбазарын өмсөж байсан луун хээтэй дээл, малгай гутал, өөрийнх нь хэрэглэж байсан зааны ясан хэт хутга хадгалагдаж байна.
Тухайн үед луун хээтэй дээлийг албан тушаал өндөр, хэргэм зэрэгтэй хүмүүс төрийн ёслол, хүндэтгэлийн үед өмсдөг байжээ. Түүхийн эх сурвалжид үүнийг “Ямбаны дээл” ч гэж нэрлэдэг байв.
Энэхүү дээлийг жирийн утсаар биш металл утсаар урласан нь бат бөх чанарыг илэрхийлэхээс гадна ганган чамин байдлаараа ч онцгой сонин урлалын нэг болж байжээ.
Хуучнаар Түшээт
Хан аймгийн Говь мэргэн вангийн хошуу нь
одоогийн Дорноговь аймгийн урд хилийн сумдыг хамарсан хошуу байсан бөгөөд хошууны ноён Амгаабазарын Анандбазар
XIX
зууны сүүлчээр
амьдарч байжээ.