RT группийн эсрэг хориг арга хэмжээ авчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.adiyakhuu@montsame.gov.mn
2024-09-05 09:31:38

БЕРЛИН, 2024 оны есдүгээр сарын 5 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл явцад хөндлөнгөөс оролцохоор оролдож буй Оросын хэвлэл мэдээллийн Russia Tоday группийн эсрэг хориг арга хэмжээ авахаар шийдвэрлэснээ АНУ-ын Сангийн яам өчигдөр мэдэгджээ.  


Хоригт 10 хувь хүн, 2 байгууллага хамрагдсаны дотор RT сувгийн ерөнхий редактор Маргарита Симоньян болон өндөр тушаалын хэд хэдэн ажилтан байна.


Түүнчлэн RT группийн харьяанд байдаг РИА "Новости", "ТВ-Новости", Ruptly, Sputnik гэсэн 5 бүтцийг хоригт хамруулжээ. Мөн ашгийн бус “Диалог” байгууллага, түүний удирдагч Владимир Табакийн эсрэг хориг арга хэмжээ авсан байна. Тус байгууллагыг Украинд болж буй дайны талаар хуурамч мэдээлэл тараасан гэж буруутгажээ. Түүнээс гадна, Кремлийн заавраар ажилладаг RaHDit хакеруудын бүлгийн гурван гишүүний эсрэг хориг арга хэмжээ авсан бөгөөд тэд өмнө нь Оросын тагнуулын албанд ажилладаг байжээ.


АНУ-ын Сангийн яамнаас мэдэгдсэнээр, Оросын төрийн байгууллагууд хиймэл оюун ухаан, хуурамч мэдээллийг ашиглан “сонгуульд итгэх итгэлийг бусниулах” замаар түүний дүнд нөлөөлөхөөр оролдсон байна.  


АНУ-ын Үндэсний тагнуулын газрын захирал Эврил Хейнс тавдугаар сард мэдэгдэхдээ “Оросын тал сонгуулийн үйл явцад хамгийн ихээр аюул учруулж байгаа бөгөөд цагаачлалын асуудлаарх мэтгэлцээний явцад нөлөөлж, сонгогчдын дургүйцлийг төрүүлэх зорилготой байсан” гэсэн юм.   

 

Холбоотой мэдээ