ТӨВ: “Алтан гэрэгэ”-ний 1000 дахь хувилбарыг аймгийн музейд хадгалууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2024-09-15 15:38:44

Зуунмод, 2024 оны есдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. “Төрийн дархан” хэмээн алдаршсан Д.Энхдаваа нь өөрийн хийсэн “Чингис хааны алтан гэрэгэ”-ний 1000 дахь хувийг хадгалуулахаар хандивласныг дүү нар нь Төв аймгийн музейд хүлээлгэн өгчээ.



Түүнчлэн “Ган болд төмөр” үлгэр хэв, “Хөх дарх” номын хамт музейн сан хөмрөгт дүү Монгол туургатан театрын нягтлан бодогч Д.Наранцэнгэл, хүүгийн хамт 2024 оны 7 дугаар сарын 4-ний өдөр хүлээлгэн өгсөн байдаг.  


“Алтан гэрэгэ” бүтсэн түүхээс:

“Төрийн дархан” Д.Энхдаваа нь 1989 онд Украин улсын Уран зургийн академийн дөрөвдүгээр дамжаанд сурч байхдаа Ленинград хотноо зуны дадлага хийжээ.


Энэ үедээ Их Монголын сурвалжит урлаг, Алтан ордны хууч судлалын олдвор болох элчийн “Гэрэгэ”-г сэргээн аргадаж, үнэт бэлэг, өв дурсгал бүхий соёлын бүтээгдэхүүн болгох зорилгоор тухайн жилийнхээ намар бүтээлээ эхэлжээ.


“Чингис хааны алтан гэрэгэ”-г ган болд төмрөөр үлгэр хэв сийлэн, цалин цагаан мөнгө, зэсээр урлан, алтаар шарж дархны Хөх урландаа бүтээсэн байна.


Тэр цагаас хойш тус гэрэгэг НҮБ-ын төв байранд, Монголын ГХЯ-нд, Монгол Улсаас гадаад улсад суугаа элчин, дипломат төлөөлөгчдийн газруудад хүндэтгэн залж, гадаад, дотоодын элчин сайд, төрийн зочид төлөөлөгчид, хувь хүмүүс, хамт олонд зориулан 999 хувийг дархлан бүтээж бэлэг дурсгал болгожээ.


Монголын Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, уран барималч Аюурзанын Очирболдын “Ухамсар” хэмээх уг бүтээлийг 2017 оны аравдугаар сарын 13-нд НҮБ-ын гадна талбайд байршуулсан юм.


Монголын эзэнт гүрний нэгэн үнэт өв “Чингис хааны алтан гэрэгэ”-ний 1000 дахь хувийг төрөлх нутгийнхаа түүхт 100 жилийн ойг тохиолдуулан Төв аймгийн музейн алтан сан хөмрөгт хадгалуулах зорилгоор 2023 онд бүтээсэн түүхтэй.




Эх сурвалж: Төв аймгийн Музей

Холбоотой мэдээ